Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас морьт эргүүл болон гүний хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. 2026 оны есдүгээр сарын 3-ны өдөр байгаль хамгаалагчид, улсын байцаагчид Богдхан уулын Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэр амны дээд эхийн чиглэлд эргүүл хийжээ.
Энэ үеэр самар түүж, бэлтгэхээр ууланд гарсан 50 орчим иргэнтэй уулзаж, холбогдох хууль тогтоомж, хамгаалалтын дэглэмийг танилцуулан, зөрчлийг баримтжуулж, уулнаас буулгасан байна. Мөн самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлж, ил задгай гаргасан галыг унтраалгажээ.
Хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж, самар түүх, бэлтгэх, байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох зохицуулалттай. Иймд иргэдийг хууль, хамгаалалтын дэглэмийг чанд мөрдөж, зөрчилд холбогдох болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэрэмжлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас анхаарууллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!