Сангийн сайд З.Мэндсайхан “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс олгохоор тусгасан 50 тэрбум төгрөгийн хувьсах зардалтай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Боловсролын яамнаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа буюу төрөлжсөн ахлах сургуулиудыг дэмжих хүрээнд хувьсах зардал олгох хүсэлт ирүүлсэн бөгөөд уг хүсэлтэд “Их засаг Кингс” сургуулийн нэр багтсан эсэхийг Сангийн сайдаас тодруулсан юм. 

Тэрбээр “Би тийм зүйл мэдэхгүй. Надад ‘Гэрт ойрхон сургууль’ хөтөлбөрт 50 тэрбум төгрөг гэсэн тоо л танилцуулсан. Би тэрийг л өргөн барьсан. Боловсролын яамнаас төсөвт оруулж ирсэн 50 тэрбум төгрөгийн задаргааг надад танилцуулаагүй. Тэр бол Боловсролын сайдын мэдэх асуудал” гэв.

Харин 50 тэрбум төгрөгийн задаргааг УИХ-ын гишүүдэд тараасан гэх мэдээллийн талаар “Би хаанаас тараасныг мэдэхгүй. Төсвөө өргөн барьсан сайд нь би байна. Энэ 50 тэрбум төгрөгийг зарцуулаагүй байна” гэж хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Баасанжаргал болон Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нарын өгсөн мэдээлэл зөрүүтэй байгаа эсэх, тэднийг худал мэдээлэл өгсөн гэж үзэж байгаа эсэхийг тодруулахад, “Ямар зорилгоор ингэж ярьсныг мэдэхгүй байна. Өглөө би Ням-Очирыг дуудаж асуусан чинь хариулж чадахгүй байсан” хэмээн хариуллаа.