Хотын дарга асан Х.Нямбаатар төсвийн тодотголтой холбоотой байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж, “Сэлбэ 20 минутын хот” төсөл болон нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилтийг зогсоохоор болж буйг шүүмжиллээ. 

Тэрбээр цахим хуудаснаа, “Энэ төсвийн тодотгол үнэхээр их асуудлууд шийдэхээр орж иржээ. Учрал Ерөнхий сайд өөрийнхөө хувийн сургуульд 3.5 тэрбумыг тавих нь дүүрч. Зүгээр явж байсан Сэлбэ 20 минутын хот төслийн санхүүжилтийг төсвийн хязгаар нэрээр зогсоогоод банкинд өндөр хүүтэй (14-16 хувийн хүүтэй) хадгалж байсан мөнгийг хүүгүйгээр татаж авч төсвийн цоорхойгоо нөхөхөөр болжээ.  Эцэст нь Нямбаа өрөнд оруулсан ардын дайсан болгох мэргэн ухаан олжээ. Анх удаа гэр хороолол яаж барилгажиж болохыг олон түмэнд харуулах төсөл зогсоож байгаа юм гэнэ. (Орлогод нийцсэн өөрийн ипотектэй, Монгол банк, МИК-ийн ипотекээс огт хамааралгүй 10 хувийн урьдчилгаатай засалгүй м2 нь 3.8 саяын нэг байр дундажаар 110 саяд борлогдох урьдчилгаа төлбөрт 10-20 сая төгрөг төлөөд орох байсан төсөл бүрэн зогсож байна) Намайг ажлаа өгөхөд хот дансандаа 2.6 их наяд  бэлэн үлдэгдэлтэй хүлээлгэж байсан. Одоо улсын төсөв 6 их наядын алдагдалтай байгаа учраас хотыг хоосруулж он гарах бололтой. Манай баг өдөр бүр шинэ замууд ашиглалтад оруулдаг, Газар чөлөөлдөг, Гандан, Ногоон нуур гээд паркуудыг байгуулахаар төлөвлөсөн бүх ажлууд зогсов.  Дараагийн төсвийн тодотголын балаг байна. Нийгмийн даатгалын хуулийг 2026 оны 1 сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж УИХ баталчихаад 11 сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж ЗГазар УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна.  Манай Ерөнхий сайд ТҮЦ-ийн эдийн засаг дэмжиж улс орноо нэгэнт хөгжүүлэхээр шийдсэн бололтой” гэв.