Доктор, профессор Д.Баярсайхантай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх тайлбар мэдээлэл хэвлэлээр гарлаа. Үүн дээр судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна? Үнэхээр Үндсэн хууль зөрчсөн юм уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 30.2-г зөрчсөн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим иргэд мэдээлэл хийсэн. Судлаачийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.4, 26 дугаар зүйлийн 26.2 гэсэн заалт Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-г зөрчсөн гэж үзэхгүй байна. Үндсэн хууль зөрчсөн гэж юуг хэлдэг вэ гэхээр тухайн хуульд байгаа тодорхой хэм хэмжээ, заалтыг шууд алдагдуулсан буюу зөрчсөн, илт буруу хэрэглэхийг хэлнэ. Түүнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26,2-т заасан гурван шалгуур дээр нэмж, “Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй” гэсэн заалтыг оруулаагүй, орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Үндсэн хуулийн агуулгыг дутуу орхигдуулсан, тухайн хуульд Үндсэн хуулиар тогтоосон зүйлийг дутуу хуульчилсан гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг биш юм. Үндсэн хууль зөрчсөн гэдэгт Үндсэн хуулийн агуулгыг бүрэн тусгаагүй буюу хууль дутуу орхигдуулсан зүйлийг хамааруулж үздэггүй.
-Нийгэмд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн тал талын байр суурь харагдаж байна. Хууль зүйн талаасаа хэр боломжтой вэ?
-Одоогийн Ерөнхийлөгч 2021 оны сонгуульд оролцох боломж нь хязгаарлагдаагүй. Энэ нь эрх зүйн онолын болон хууль зүйн үндэслэлийн хувьд бүрэн боломжтой.
-Онолын үндэслэлийг нь тодорхой хэлэхгүй юу?
-Р.Паундын Үндсэн хуулийн чиг үүргийн онолын тайлбараар авч үзвэл нэгдүгээрт, Үндсэн хуулийн тодорхой заалтыг эрх зүйн утга агуулгаар Үндсэн хуулийн бусад хэм хэмжээний холбогдох хамаарлаар авч үздэг. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн үндсэн бүтцийн мөн чанарыг нээн илрүүлж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь өмнөх Үндсэн хуулийн хүчингүй болсон заалтыг дордуулахгүй байх шаардлагыг хамгаалж, дэмждэг. Гуравдугаарт, Үндсэн хуулийн тодорхой нэг заалтыг тайлбарлахдаа Үндсэн хуулийн зарчим, институци, субьектийн эрх зүйн байдал нөхцлүүдийг хамаарах уялдаа холбоонд авч үздэг.
“Одоогийн Ерөнхийлөгч энэ удаагийн сонгуульд оролцсоноороо улиран сонгогдож байгаа биш, огт өөр нөхцөлөөр сонгогдох боломж нь АНХ УДАА нээгдэж байна гэж үзнэ”
Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасан “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бол эрх зүйн хэм хэмжээний гипотез, диспозицийн нэгдмэл, хамааралт нөхцлийг хангасан утгаараа хамт хэрэглэгдэх бүрэн боломжтой. Тэгэхээр 50 нас, зургаан жил, нэг удаа гэдэг гипотезийн нөхцөл нь зөвхөн Үндсэн хууль үйлчлэх хугацаанд зөвхөн нэг удаа хэрэглэгдэх боломжтой учраас одоогийн Ерөнхийлөгч сонгуульд оролцсоноороо улиран сонгогдож байгаа биш, огт өөр нөхцлөөр сонгогдох боломж нь нээгдэж байгаа учир үүнийг бүрэн боломжтой гэж үзнэ. Түүнчлэн Ф.Муллерийн онолын зарчмаар Үндсэн хуулийн тодорхой заалтыг тайлбарлахдаа заавал тухайн Үндсэн хуулийн эрх зүйн байдал болон үндсэн эрхийг нь дордуулахгүйгээр авч үзэх ёстой гэсэн зарчим байдаг. Юлианы жишгийн шалгуурын онол, Ж.Бентамын тэнцлийн зохист байдлын онолоор авч үзэхэд Үндсэн хуулийн шинэ хэм хэмжээ өмнөх хэм хэмжээнээсээ илүү давуу үйлчлэх хүчинтэй гэсэн зарчмыг гол удирдлага болгох юм бол 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдох гэдэг нь онолын хувьд бүрэн боломжтой юм л даа.
ҮНДСЭН ХУУЛЬ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТТАЙ ЗӨРЧИЛДӨӨН БАЙХГҮЙ
-Тэгвэл хууль зүйн үндэслэл нь юу вэ?
-Үндсэн хууль болон Үндсэн хуульд нийцүүлж гаргасан органик хууль хоёрын хооронд үндсэндээ зөрчилдөөн үүсээгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 30.2 дугаар зүйлийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөөн байхгүй. Тийм учраас нэр дэвших эрх нь нээгдэж байгаа юм. Одоогийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас “6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдох” Үндсэн хуулийн шинэ зохицуулалтын эрх зүйн байдал дордох ёсгүйн дээр Мерля-Левассарын зарчим буюу эрх зүйн хэм хэмжээ эргэж үйлчлэхгүй буюу шинэ хууль өмнөхөөсөө илүү хүчинтэй байх эрх зүйн хэрэглээний зарчим дээрх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
“ХУУЛЬ ЗҮЙН ХУВЬД ЯМАР Ч МАРГААН БАЙХГҮЙ. ХАРИН УЛС ТӨРИЙН ТАЛААС ТАЙЛБАРЛАХ ЯВДАЛ НЬ МАРГААН ДАГУУЛЖ БАЙНА”
-Энэ дээр хуульчид талцаж тайлбарлаад байгаа. Энэ талцалыг зогсоохын тулд ямар шийдвэр, хаанаас гарах ёстой гэж үзэж байна?
-Зарим хуульчид ҮХЦ дээр энэ маргааныг эцэслэн шийдэх ёстой гэж үздэг л дээ. Миний хувьд ҮХЦ дээр маргаан үүсгэх магадлал харьцангуй бага гэж үздэг. Хууль зүйн хувьд маргаангүй асуудал. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон явдал нь өмнөх Үндсэн хуулийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ёстой гэдэг зарчмаар аваад үзэхэд ҮХЦ дээр маргаан үүсгэх ямар ч боломжгүй. Харин улс төрийн талаас тайлбарлах явдал нь маргаан дагуулж байна. Улс төржсөн, улс төрийн агуулгаар тайлбарлаж байгааг хууль зүйн тайлбар дахь эрх зүйн онолын тайлбартай хутгаж ойлгож болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хувьд ямар ч маргаан байхгүй.
ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ БАЙХ ЯВЦДАА УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙХ ЁСТОЙ
-Хуулийн салбар бол улс төржих ёсгүй салбар гэж дээр дурдлаа. Яагаад улс төржих ёсгүй вэ гэдгийг та тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?
-Эрх зүйн онолын хувьд хууль батлагдан гарахад улс төрийн оролцоо зайлшгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хууль гарахдаа улс төрждөг гэсэн үг. Тэр бол байдаг л зүйл. Харин батлагдаад гарчихсан, хэрэгжиж байгаа шатанд улс төрөөс ангид байх ёстой. Хуулийн тайлбар гэдэг нь хуулийг хэрэглэх үндсэн бүрэлдэхүүн хэсэг. Тэгэхээр хуулийн хэрэглээ бол хуулийн тайлбар. Хууль сахиулах байгууллагууд, ҮХЦ, шүүх, прокурор улс төрийн намын харъяалалгүй байдаг нь үүнтэй холбоотой. Сонгууль угтсан байдлаар улс төрийн намын удирдагчид, засаг төрийн зарим эрх бүхий албан тушаалтнууд хуулийн тодорхой заалт, зарим анхаарал татсан том хэргүүдтэй холбогдуулан янз бүрийн байдлаар хуулийн тайлбарыг өөр өөрсдийн үзэмжээр хийж байгаа нь хууль тайлбарлах онолын зарчимд нийцэхгүй. Олны анхаарал татсан том хэргүүд дээр улс төрийн маргаан мэтгэлцээнээр янз бүрийн байр суурь илэрхийлэх нь байж болох зүйл. Гэхдээ хуулийн заалтыг дур мэдэн тайлбарлах нь хуулийн агуулгад харшилна. Хууль тогтоогчийн тайлбарыг хэтэрхий субьектив байдлаар тайлбарлаж байгаа аливаа хандлага, оролдлого нь улс төржсөн тайлбар болдог юм. Энэ нь хуулийн мөн чанар, зорилгыг алдагдуулдаг. Улсын дээд шүүх албан ёсны тайлбар гаргаагүй байхад хуулийн зорилго, агуулгаас гадуур дур мэдэн тайлбарлаж байгааг зохисгүй хандлага гэж үздэг.
-Баярлалаа.
Явж явж Баттулга дэвшвэл ялах юм байна даа. Ард олон булхиа луйварт их дургүй. МАН чимээгүй байж байхгүй дэмий юм хийгээд байх юм.