Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчид СЕХ-нд материалаа өгч байна. Дөнгөж сая АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуяг нэр дэвшигчээ бүртгүүлэхээр хандсан ч түүний  материалыг хүлээж авах хугацааг хойшлууллаа. 

Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: 

- АН-ын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ бүртгэлтэй. Тус намын тамганы асуудал шүүхийн маргаантай байна. Улс төрийн намууд дангаараа болон хамтарч зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн хуулийн хэм хэмжээ бий. Нэг намаас нэг нэр дэвшигч тодорно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд мөн ийм заалт байдаг.  АН хоёр газар нэр дэвшүүлж байна. Үндэсний аудитын газарт мөн л хоёр мөрийн хөтөлбөр хийлгэсэн. 

Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Асуудлаа дотооддоо шийдэхийг хүсэж байна.  

Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Бид та бүхнээс материал хүлээж авах хугацааг хойшлуулж байна. Өнөөдрийн 18:00 цагаас та бүхнийг хүлээж байя" гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

СЕХ нэг нам хоёр болсон гэж худал ярьдаг байгууллага биш. МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шулуухан хэлчихье. Чи хаан болчихсон юм шиг битгий олон юм ярь. МАН төрийн дээр гарсан байна.  Уг нь СЕХ бол УИХ-аас байгуулагддаг байгууллага. Гэтэл МАН-ын дор орсон байна. 

Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орчихож. АН хуваагдаагүй. Хоёр АН гэж байхгүй. АН-ыг хуваах гэж МАН жигшүүртэй үйлдэл хийсээр байна. Үүнийг засах хэрэгтэй. 

1-рт, АН-ын тамга бүртгэлтэй хэвээрээ байгаа. Иргэний бүртгэлийн ажилтан захиалгаар тамга хийж болохгүй. Тэр байцаагчийн хийсэн тамгыг түдгэлзүүлсэн. 2 дугаар сары 2-ноос хойш тамга нь хүчингүй. 

У.Хүрэлсүхийн даалгаврыг биелүүлэхээ больцгоо та нар. Ард түмний сонголтыг та нар хүндэл. 

2-рт, УИХ-ын 13 гишүүн энэ намд байна. Бидэнд бүх бичиг цаас нь байгаа. Үнэхээр шившигтэй юм болж байна. 21 аймаг, 9 дүүргийн намын гишүүд О.Цогтгэрэлийг даргаараа сонгосон. АН-ын нэр дэвших эрхийг хаадаг та нар хэн бэ. СЕХ бүртгэхгүй гэх юм бол бид Монголын ард түмэнд хандана. Би 31 жилийн өмнө ийм болохын төлөө яваагүй. Захиалга биелүүлэхгүй шүү. Хуулиараа Х.Баттулга нэр дэвших ёстой. Гэтэл ҮХЦ-ийн гишүүдийг нь дарамталж байгаад шийдвэр гаргуулсан. 

Бүх бичиг баритан дээр ганцхан нам байна. С.Эрдэнэ гэдэг хүнийг цаанаас нь захиалсан. Чамд хойшлуулах эрх байхгүй. Би эндээс гарахгүй" гэлээ.