УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял шийтгэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны 171-р магадлал, УДШ-ийн хяналтын шатны хуралдааны 185-р тогтоолтой хэргийг шинээр үүссэн нөхцөл байдлаар хянуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцэж байна. 

Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчид нь эрүүдэн шүүсэн хэргийг “шинээр илэрсэн нөхцөл байдал” хэмээн үзэж, хэргийн холбогдогч нарт шүүхээс оноосон ял шийтгэлийг хүчингүй болгуулахаар УЕП-т хандсаны дагуу прокурорын байгууллага дүгнэлтээ гаргаад шүүхээр хянуулж буй хэрэг юм. 

Хуралдааны эхэнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Учир нь, 2018 оны наймдугаар сард Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт ял оноосон Б.Цогт шүүгчийг өөрийнхөө шийдвэрийг дахиан шүүх нь хуульд нийцэхгүй гэв. 

Харин шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүгч Б.Цогтоос татгалзсан өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж авсангүй. Шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.