Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийг дөрвөн арилжааны банкаар дамжуулан олгож эхэллээ.
2026 оны долоодугаар сарын 20-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Тээвэр хөгжлийн банктай дамжуулан зээл олгох гэрээнд гарын үсэг зурсан байна.
Төслийн эхний шат 2016–2021 онд амжилттай хэрэгжиж, нийт 106.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бол эргэн төлөлтийн сангийн эх үүсвэрээр 2021–2024 онд ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас банкаар дамжуулан 41.6 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгожээ.
Харин төслийн хоёр дахь шатны хүрээнд нийт 199 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Зээл нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Атар-4”, “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжих бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай дотоодын түүхий эдийн нэмүү өртгийг өсгөж, экспортод чиглэсэн эсвэл импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой.
Хөнгөлөлттэй зээл нь жилийн 9 хувийн хүүтэй, 7 жил хүртэлх хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс 3 хүртэлх жил чөлөөлөгдөх нөхцөлтэй. Зээлийн хэмжээ нь 150 мянгаас 3 сая ам.доллартай тэнцэх төгрөг байна.
Төслийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, арьс ширний гүн боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ноос ноолуурын экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрчимжсэн болон цөм сүргийн аж ахуй, үр үйлдвэрлэгч, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, яс боловсруулах, био бордоо үйлдвэрлэх, эмийн ургамал тариалах, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүд зээлд хамрагдах боломжтой.
Уг санхүүжилт нь хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байр бий болгох, үйлдвэрлэгчдийн урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон техник, технологийн хэрэглээг дэмжихэд чиглэж байна.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк болон Тээвэр хөгжлийн банкинд хандан дэлгэрэнгүй мэдээлэл авч, материалаа бүрдүүлэх боломжтой.








Мэдээлэл авая