Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил 2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа лабораториор батлагдсантай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Өвчний голомт Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий, Дэлүүн, Цэнгэл, Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад бүртгэгдэж, нийт 4,075 толгой мал, амьтныг устгалд хамруулсан байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2026 оны А/176 дугаар тушаалын дагуу SAT-1 хэвшлийн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтыг 10 хоногийн хугацаанд зохион байгуулжээ. Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун вакцин импортлон авчирч, Баян-Өлгий аймгийн 11 сумын 1.3 сая, Ховд аймгийн 9 сумын 1.2 сая, Говь-Алтай аймгийн 2 сумын 15.6 мянга, Хилийн цэргийн 3 анги, заставын 2.0 мянган толгой буюу нийт 2.5 сая толгой мэдрэмтгий үхэр, хонь, ямааг дархлаажуулалтад бүрэн хамруулсан байна.

Мөн вакцины үйлдвэрлэгчийн зааврын дагуу дархлаа тогтцыг хангах зорилгоор 240.3 мянган толгой үхэрт давтан дархлаажуулалтыг 2026 оны долоодугаар сарын 20-ноос эхлэн үргэлжлүүлэн хийж байна.

Хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний үр дүнд Ховд аймагт зургаадугаар сарын 25-наас, Баян-Өлгий аймагт долоодугаар сарын 8-наас хойш шүлхий өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд өвчний тархалтыг тогтоон барьж, шинэ голомт үүсээгүй байгааг албаныхан мэдээллээ.

Үүний зэрэгцээ 2026 оны намрын төлөвлөгөөт дархлаажуулалтад шаардлагатай 4.0 сая тун шүлхийн О хэвшлийн вакциныг худалдан авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тендерийг 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр нээхээр төлөвлөжээ.