Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын урьдчилсан төлөвөөр ирэх хугацаанд манай орны ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай болон Дундговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температурын тухайд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтийн зүүн хэсэг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажийн орчим байх бол бусад нутгаар дунджаас дулаан байх төлөв гарчээ.
Манай орны байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан жил бүрийн наймдугаар сарын 20 хүртэл бэлчээрийн ургамал ургах боломжтой тул одоогийн ургамлын ургац, ургамалжилтын нөхцөлийг эцсийн байдлаар үнэлэх боломжгүй байна. Гэвч мэргэжлийн байгууллагын урьдчилсан төлөвөөр наймдугаар сард агаарын температур дунджаас дулаан, ган, гандуу нөхцөл үргэлжлэх төлөвтэй байна. Гантай болон гандуу бүс нутгуудад өвөл, хаврын улиралд бэлчээрт хадгалагдах өвсний нөөц нэмэгдэх боломж хязгаарлагдмал гэж үзэж байна.
Бэлчээрийн ургамлын ургац, гангийн зураглалын мэдээлэлд үндэслэн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг төлөвлөн, онцгойлон анхаарах бүс нутгийг тодорхойлдог. Урьдчилсан төлөвөөс харахад ихэнх нутгаар дулаан, хур тунадас багатай байх төлөв нь 2026–2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс сайтар хангах шаардлагатай байгааг харуулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!