Ирэх сарын 1-нээс улсын чанартай болон олон улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэ тарифаар мөрдөгдөж эхэлнэ.

Шинэчилсэн тарифаар:

  • Суудлын автомашин – 5,000 төгрөг (өмнө нь 1,000 төгрөг)
  • Ачааны автомашин – 20,000 төгрөг (өмнө нь 10,000 төгрөг)

Ингэснээр тээврийн хэрэгслийн ангиллаас хамааран зам ашигласны төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлж байгаа юм.

Шинэ тариф нь Улаанбаатар хотоос гарах болон орон нутаг, хот хоорондын улсын чанартай болон олон улсын бүх авто замд байрлах нийт 33 цахим төлбөр хураах цэгт үйлчилнэ.

Мөн шинэ системээр жолоочийн нэр дээр төлбөрийн нэхэмжлэл автоматаар үүсэж, төлбөрийн постын хаалт автоматаар нээгдэнэ. Харин төлөгдөөгүй төлбөр 20 болон түүнээс дээш хуримтлагдсан тохиолдолд автомат хаалт нээгдэхгүй бөгөөд өр төлбөрөө барагдуулсны дараа зорчих боломжтой.

Цахим төлбөр хураах гол чиглэлүүд:

  • Баруун болон төвийн аймаг: Эмээлтийн пост (Арвайхээр, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс)
  • Хойд аймаг: Эрдэнэтийн уулзвар (Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Булган)
  • Зүүн аймаг: Налайхын уулзвар, Тэрэлжийн пост (Хэнтий, Сүхбаатар, Дорнод)
  • Өмнөд аймаг: Яармаг болон Төв аймгийн чиглэлийн постууд (Дундговь, Өмнөговь)

Мөн Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам болон аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай авто замууд шинэ тарифт хамрагдана.