"ONE Championship" холбооны бантам жингийн дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах анхны тулаанаа долоодугаар сарын 31-ний Баасан гарагт 19:00 цагаас хийнэ.

Тулаан Тайландын Бангкок хотын алдарт Lumpinee Stadium-д зохион байгуулагдах "The Inner Circle 24" тэмцээний оргил тулаан байх бөгөөд Энх-Оргил карьертаа нэг ч ялагдал хүлээгээгүй Азербайжаны тулаанч Элбек Алышовтой хүч үзэх юм.

Өдгөө 27 настай, 167 см өндөртэй Алышов 10 ялалт, ялагдалгүй (10-0-0) амжилттай яваа бөгөөд бөхийн суурьтай тамирчин юм. Тэрээр нийт ялалтынхаа наймыг боох болон өчих мэхээр, нэгийг нь нокаутаар, үлдсэн нэгийг нь шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр авсан байна.

Алышов "ONE Championship" холбоонд нэгдсэнээсээ хойш хоёр тулаан хийж, хоёуланд нь өрсөлдөгчдөө илт давамгайлсан тоглолтоор ялсан амжилттай. Ийнхүү тэрээр дэлхийн аваргын бүсний төлөө Монголын аварга Баатархүүгийн Энх-Оргилтой анх удаа тулалдахаар болж байна.