Төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгасан Нийслэлийн Шүд, Эрүү Нүүрний төвийн эмчилгээний тасгийн сувилагч Б.Оюунчимэг ярилцлаа.

-Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгасанд баяр хүргэе. Эрүүл мэндийн салбарт нийт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвд ажиллаад 31 жил болсон байна. Хүний эрүүл мэндийн төлөө 31 жилийн тасралтгүй ажилласан хөдөлмөрийг минь үнэлж Төрийн дээд одон медалиар шагнаж байгаад маш их баяртай байна.

-Сувилагч мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Сувилагч гэдэг мэргэжил бол хамгийн баялаг түүхтэй мэргэжил. Шүдний сувилагч нь бусад сувилагч нараас хамгийн онцлог.  Яагаад гэвэл “шүд эрүүл байвал бие эрүүл байна” гэж монголчууд бид ярьдаг шүү дээ. Тэгэхээр хүний эрүүл байх үндэс суурь болдог чухал хэсгийг хариуцаж эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг учир маш хариуцлагатай. Өвдөөд орж ирсэн хүнийг өвчин зовуурьгүй болоод гарахыг харах хамгийн сайхан мөч байдаг. Үйлчлүүлэгчдийнхээ “баярлалаа” гэх үгэнд урам авч мэргэжилдээ илүү их дурладаг.  

-Олон жил сувилагчаар ажилласан хүний хувьд одоо сувилагч мэргэжлээр сурах гэж байгаа залуустаа хандаж үг хэлнэ үү?

-Би 1994 онд Анагаах ухааны коллежийн сувилагчийн сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн. Тэр үеэс хойш тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ мэргэжил бол хамгийн буянтай мэргэжил. Залуучууд сувилагчийн мэргэжлийг эмчийн зааврын дагуу эм тариаг хийдэг туслах гэж буруу ойлгодог. Тийм биш, сувилагчийн  мэргэжил бол биеэ даасан шинжлэх ухаан, эмчлүүлэгчийн хамгийн ойр дотны зөвлөн, туслагч. Мөн энэ мэргэжлийг ямар ч ропот орлон гүйцэтгэж чадахгүй учраас бүх цаг үеийн эрэлттэй мэргэжил байх болно. Тиймээс сувилагчийн мэргэжлийг сонгон суралцаж ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалаарай гэж хэлмээр байна.

-Сувилагч эмчлүүлэгч нарт тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл зүйгээр нь эмчлэхэд хамгийн чухал хүн болдог гэж ярьдаг?

-Өвчиндөө шаналаад уйлаад орж ирж байгаа хүнийг зөв харилцаа хандлагаар угтаж аваад эмчилгээ, үйлчилгээг бүрэн авах хүртэл сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал. Тийм учраас сувилагч мэргэжил бол нэг бодлын бахадмаар ч нөгөө талаараа айдастай мэргэжил.

-31 жил ажиллахдаа нийт хэдэн хүнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн вэ. Тоолж байв уу?

-Сүүлийн таван жилийн хугацаанд 20 гаруй мянган хүнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн. 0-12 настай 6000 хүүхдэд үйлчилсэн байна. Таван жилээс өмнөх тоон судалгааг хийж үзээгүй. Түүнчлэн эрүү, нүүр, амны чиглэлээр боловсрол олгох зорилгоор сургууль, цэцэрлэгүүдээр явж хичээл зааж байсан.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

-Баярлалаа. Ажлын хамт олон болон Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвийн дарга, нийт ажилчиддаа, үе үеийн ахмад эмч, сувилагч нартаа баярлалаа гэж хэлье.