Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллийн араас ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Вакцинуудын үр нөлөө харилцан адилгүй. Файзер 95, Синофарм 80 зэрэг дархлаа тогтох хувьтай. Вакцинжуулалтад хамрагдангуут бүх халдвар алга болох юм шиг бодож болохгүй. Нөгөө талаасаа вакцинжуулалтад хамрагдахгүй иргэд нь хүн амын гуравны нэг нь байгаа юм. Өөрөөр хэлбэл 0-18 насны хүүхдүүд вакцинд хамрагдахгүй шүү дээ. Манайх шиг залуу улсад сүргийн дархлаа тогтох нь их хэцүү. Вакцины үр нөлөөнд эргэлзэх шаардлагагүй. Вакцин хийлгэхгүй байснаар хүндрэх эрсдэлтэй. 

Вакцинд хамрагдаж болох иргэд юун түрүүнд бүгд вакцинаа тариулах хэрэгтэй. Сүргийн дархлаа тогтоохын тулд хүүхдүүдийн вакциныг сайн судалж хийх ёстой. Файзер вакцины хангалт сайжирсан тул 16-17 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд хийгээд эхэлсэн. Файзер вакцины үйлдвэрлэгчээс 12-15 насны хүүхдүүдэд зөвшөөрөл өгсөн. Хэдийгээр зарим улсад хүүхдүүдэд эхэлсэн ч үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг авах ёстой. Үүний дагуу удахгүй 12-15 насны хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Ингэж байж сүргийн дархлаа тогтоно. Есдүгээр сараас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх боломж бүрдэнэ.

Вакцин хийлгэсэн ч халдвар аваад нас барах эрсдэл бий. Гэхдээ нас баралтыг нь харах бус цаана нь хэчнээн хүний амийг аварч байгааг бодох хэрэгтэй" гэв.