Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд TRADE MONGOLIA-2021 форум болж, худалдааны салбарт дахь тулгамдаж буй асуудал болон боломж, ирээдүйн талаар өргөн хүрээнд зураглалаа. Дэлхийн таваарын худалдааны хэмжээ 2020 онд 5.3 хувиар буураад байсан бол энэ онд найман хувиар өснө гэж Дэлхийн худалдааны байгууллага тун өөдрөг төсөөлж байна.
Өнгөрсөн онд бараа таваарын худалдааны нийт үнийн дүн найман хувиар унасан бөгөөд үйлчилгээний экспорт гэхэд 20 хувиар буурчээ. 2020 онд хамгийн их алдагдал хүлээсэн салбарын нэг нь худалдаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар худалдааны салбар дахь саад, бэрхшээл төдийлэн багассангүй. Бараа бүтээгдэхүүний орох гарах урсгал, татан авалт ч хүндрэлтэй хэвээр байна.
Худалдааны салбар ДНБ-ий 15.4 хувийг эзэлж байна
Худалдааны салбарын харилцааг зохицуулсан бие даасан хууль одоо хүртэл манай улсад байхгүй. 100 жилийн түүхтэй хэдий ч худалдааны салбар үндсэндээ орхигджээ. Тиймээс яаралтай хууль эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байгаа нь TRADE MONGOLIA-2021 чуулганы оролцогчид хэлж байлаа. Худалдааны салбар нь 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий 15.4 хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 40 хувийг дангаар бүрдүүлж байна.
Ажиллах хүчний зах зээлд ч томоохон байр суурь эзэлдэг бөгөөд улсын хэмжээнд худалдааны салбарт 2020 онд 165.6 мянган ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 14.7 хувийг эзэлжээ. Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эцэст 22 их наяд төгрөг болж, 2019 оноос 1.6 их наяд төгрөг буюу 6.9 хувиар буурсан бөгөөд худалдааны салбарын нийт борлуулалтын 83.6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.
Худалдааны салбарын суурь үзүүлэлтүүд муу үнэлгээ авчээ

Олон улс дахь Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчны эрэмбээ авч үзье. Дэлхийн банкны эрхлэн гаргадаг Бизнес эрхлэлтийн ерөнхий индекс үзүүлэлтээр 2020 оны байдлаар 190 улсаас 81 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Хил дамнасан худалдааны үзүүлэлтээр 190 орноос 143 дугаар байранд буюу маш тааруу үнэлгээ авсан байна. Тэглэл Дэлхийн өрсөлдөх чадвар тайланг харъя. Нийт 64 улс хамрагдсан уг судалгааны үр дүнгээр, манай улсын ерөнхий өрсөлдөх чадвар 60 дугаар байранд жагсчээ. Эдийн засгийн тамир тэнхээ, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа 2021 оны хувьд тун доогуур үнэлгээ авч, хойгуур байр эзэлжээ. Эдгээр үзүүлэлт нь худалдааны салбарын өнөөгийн суурь нөхцөл байдлыг илэрхийлж байна.
Цар тахлын нөлөөгөөр худалдааны салбарт цахимжилт эрчимжлээ

TRADE MONGOLIA-2021 форумаар ковидын үеийн бизнесийн өөрчлөлтийг танилцуулж, энэ хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хатуу хөл хорио амьдралын нэг хэсэг болсноор бизнесүүд, худалдан авагчид “дижитал шилжилт” хийж, онлайнаар бараа үйлчилгээ худалдан авах нь сүүлийн нэг жилийн хугацаанд улам нэмэгджээ. Тодруулбал, 2019 онд дэлхийн нийт жижиглэн худалдааны 14 хувийг эзэлж байсан цахим худалдаа 2020 онд 17 хувьд хүрч, өссөн байна. Энэ онд ч тус чиг хандлага үргэлжлэх нь дамжиггүй. Дижитал технологи гарч ирснээр дэлхийн ертөнц хурдтай өөрчлөгдөж байна. Энэхүү технологи нь хоол хийх, гэр цэвэрлэхээс эхлээд мэдээлэл олж авах, боловсруулах хүртэл олон зүйлийг өөрчилж, бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж эхэлсэн.
Дижитал технологи нь компаниудыг газар бүрт өрсөлдөх, илүү бүтээмжтэй, илүү үр өгөөжтэй байх, шинэ хэрэглэгчдэд хүрэх боломжийг олгож буй. Тэрчлэн бизнесийн орчныг өөрчилж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна. 2020 оноос хойш цар тахлын нөхцөл байдал дижитал шилжилтийг хурдасгаж эхэллээ.
TRADE MONGOLIA-2021 форумын зочин илтгэгчээр оролцсон “Одо экосистемс” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Машнууцсүх дээрх өөрчлөлтийг ч мөн онцолсон юм. Түүний хувьд хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний цэгүүдийг нэг системд нэгтгэж, үйлдвэрлэгчийг нийлүүлэгчтэй шууд холбосон бараа таталт, нийлүүлэлтийн нээлттэй нэгдсэн захиалгын системийг хөгжүүлж буй. Жижиглэн худалдаа борлуулалт, түгээлтийн бизнест “дижитал хувьсгал” хийхээр тэрбээр ажиллаж байна.
Тээвэр ложистик том асуудал болж байна

Тээвэр ложистикийн салбар сүүлийн 20 жилд 4.6 дахин өсжээ. Эдийн засаг тэлэх хэрээр тус салбарын ачаалал нэмэгдэж, асуудал нь томорч буй. Ачаа тээвэр тойрсон асуудал бүтэн жилийн турш үргэлжилж байна. Өчнөөн чингэлэг яг хэзээ орж ирэх нь, хэчнээн тонн бараа бүтээгдэхүүн хэдийд хилээр гарах эсэх тодорхойгүй байгаа юм. Хил гааль дээр бараа бүтээгдэхүүний түгжрэл үүссэн нь эдийн засагт томоохон алдагдал авчирсан. Хоног хугацаа алдах нь өөрөө алдагдал юм. Цаашид ч энэхүү нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.
TRADE MONGOLIA-2021 форум тус асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Зам тээврийн хөгжлийн яам болон Гадаад харилцааны яам, МҮХАҮТ-ын Худалдааг хөнгөвчлөх тээвэр логистикийн зөвлөл, Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооны төлөөлөл оролцож, өөрсдийн байр сууриа энэ үеэр илэрхийлж, цаашид хэрхэн сайжруулах талаар ярилцсан юм. Гадаад харилцааны яамны мэдээлснээр, Тяньжин боомтод хүлээгдэж байсан 3162 чингэлэгийн 60 хувийг тусгай горимоор татан авчээ. Нийт 35 галт тэргээр нийт 1900 чингэлэг хүлээн авсан байна.
Экспорт, экспорт...

TRADE MONGOLIA-2021 форум экспортыг онцоллоо. Манай улсын хувьд экспортын бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, дан ганц уул уурхайн түүхий эд экспортын дийлэнх хэсгийг эзэлж байгаа. Олон жил энэ бүтцээр явж ирсэн. Экспортын 80 гаруй хувь нь зөвхөн өмнөд хөршийн зах зээл рүү гарч буй. Цаашид хөдөө аж ахуйн түүхий эдийг нэмүү өртөг шингээн боловсруулж экспортлох, уламжлалт бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, төрөлжүүлэх,өрсөлдөх чадварыг сайжруулах асуудлаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ОУЭХАҮХ-ны Монгол дахь салбарын ерөнхийлөгч О.Байгаль, Монголын худалдааг дэмжих TRAM төслийн багийн ахлагч Кармен Фратита нар ярилцлаа.
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд гишүүнээр элсэн орсон бөгөөд 130 дахь гишүүн орон. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудтай нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх боломжтой. Гэвч энэхүү боломжоо манай улс бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа юм. Үүнээс гадна манай улс 2019 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр Монголын бараа бүтээгдэхүүн бүсийн зургаан улс руу гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх болсон.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!