Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2021.07.02/-ийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Н.Ганибал наадам хийнэ, хийхгүй хэмээн эргэн буцсан шийдвэр гаргаж байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, хэрэв наадмаа хийхгүй юм бол 100 жилийн ойд бэлдэж, улсын нийслэлд ирээд буй уяачдад нөхөн олговор олгох ёстой хэмээн мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ:

Өнөөдөр гадаа талбай дээр морьтон залуучууд, мөн үйлчилгээний байгууллагынхан тэвчээр барагдлаа гээд цуглан жагсаж, дуу хоолойгоо илэрхийлж, наадам хийнэ, хийхгүй хэмээн маргалдаад байж байна. Ардын хувьсгалын 100 жил, Улсын баяр наадам гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг бэлгэдсэн баяр. Хэдийгээр дэлхий нийтээрээ ковидтой, цар тахалтай байгаа ч, бидний хувьд тусгаар тогтнолоо илэрхийлсэн наадмаа зайлшгүй хийх ёстой. Яг баялаг бүтээдэг, хүнс, үйлдвэрлэл, үйлчилгээ гээд бүхий л салбарыг авч явдаг хөдөлмөрчид, малчид, уяачид өнөөдөр энд жагсаж байна. Энэ асуудал дээр Засгийн газар үнэхээр хариуцлагагүй хандаж байна.


Хараад байхад, дэлхийн нийтийн авч байгаа бүхий л арга хэмжээг авлаа. Хөл хорьлоо, ванкцинжууллаа. Вакцинд хамрагдвал “Ковидгүй зун” болно гэж Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өөрөө мэдэгдсэн. Аймаг, сумдын наадмыг хийхгүй, улсын баяр наадмыг цахимаар хийнэ гэж албан ёсоор зарласан. Ард иргэд тавьсан бүхий л үүрэг даалгаврыг нь биелүүлсэн. Хөл хорионд орсон, вакцинаа хийлгэсэн. Бүтэн жилээр наадамдаа бэлдсэн. Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойд бүтэн 10 жил бэлдсэн. Өнөөдөр их насны морьд 10 настай гэж үзэхэд, өнгөрсөн 10 жилийн турш энэ баяртаа бэлдэж, хурдан хүлгүүдээ сойсон. Энэ хүмүүсийн хүч хөдөлмөрийг яагаад ингэж талаар болгож байгаа юм бэ. Яагаад цар тахлын үед хэрхэн зохион байгуулахаа тодорхой болголгүйгээр наадам хийнэ гэж зарласан юм бэ. Ховдын баргуун хязгаараас, Дорнодын Халх голоос уяачид ирчихсэн, Хүй долоон худагт байрлаж байна. Энэ хүмүүст Засгийн газар ямар нөхөн төлбөр олгох юм бэ, яагаад ард иргэдээрээ тоглоод байгаа юм бэ гэдгийг ХХААХҮЯ-ныханд албан ёсоор хэлье. Өөрсдийнхөө зөвхөн улсын төсвөөр хийсэн жахан ажлыг тайлагнаад явдаг. Баялаг бүтэгч, малчид, уяачдынхаа эрх ашгийг хамгаалаач ээ гэж хүсч байна.” Гэлээ.