Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” маргаашнаас буюу 22-ноос эхлэн мөрдөгдөж эхэлнэ.
“Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу Орхон аймаг 5-р сарын 22-оос 5-р сарын 31-ний өдрийг хүртэлх хот хоорондын тээвэрлэлтийн цагийн хуваарь гаргажээ. Тодруулбал маргааш буюу 5-р сарын 22-нд Улаанбаатар хотоос Орхон аймаг, Орхон аймгаас Улаанбаатар чиглэлд 11:00, 14:00, 17:30 цагт нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Мөн суудлын такси цаг харгалзахгүй бөгөөд 17:00 цаг хүртэл тээвэрлэлт хийнэ.
Харин 5-р сарын 23-аас өдөрт 6 цагийн давтамжаар нийтийн тээвэр явах бөгөөд 9:00, 10:00, 12:00, 14:00, 16:00, 17:30 цагуудад зорчих юм.
Нийтийн тээврийн үйлчилгээ эхэлсэнтэй холбоотойгоор тээвэрлэгч байгууллагуудын жолооч, инженер, тээвэр зохицуулагч нарыг 1,2-р тун вакцинд бүрэн хамруулжээ. Түүнчлэн өнөөдөр хот хоорондын тээврийн жолооч нарыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж дууссан байна.
МХГ, ЦГ, АТТ хамтран тээвэрлэгч байгууллагуудын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон ариутгал халдваргүйтгэл, тусгаарлалт, хамгаалах хэрэгслийн нөөцөд шалгалт хийж байна.
Тээврийн хэрэгслээр зорчих билетийг онлайнаар болон тасалбар түгээх байрнаас захиалан авах боломжтой бөгөөд биеийн байцаалт болон бусад бичиг баримтуудыг үндэслэн зорчуулах ажээ.
Нийтийн тээврээр зорчих үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд автобус 19,600 төгрөг, суудлын тээврийн хэрэгсэл 30,000 төгрөг байна.
Иргэд Орхон аймгаас гарах болон Орхон аймагт ирэх тохиолдолд заавал ERDENET.MN сайтад хүсэлт өгч зөвшөөрөгдсөн байх шаардлагатай, мөн зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ асуумж бөглөх шаардлагатай гэдгийг аймгийн Авто тээврийн төвийн дарга Г.Ядмаа мэдээллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!