Дэлхийн чанарын өдөр жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гаригт тохиодог.
Энэхүү өдрийг тохиолдуулан Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын санаачилгаар манай аймагт “Дэлхийн стандарт Монголд” сэдэвт чанарын форум, сургалт зохион байгуулагдах гэж байна.
Энэ хүрээнд “World standard consulting” менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлд зөвлөх үйлчилгээ, сургалт явуулдаг баг манай аймагт ажиллаж байна.
“Ворлд стандарт консалтин”г нь Олон улсын Стандартчилалын байгууллага болох ISO (International organization for standardization)-ооc гаргасан Менежментийн тогтолцооны стандартуудын хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах үндсэн чиглэлтэйгээр 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний мэргэжлийн зөвлөх үйлчилгээний тэргүүн эгнээний байгууллага юм.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, Менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээг ISO 20700 стандартын дагуу үзүүлдэг.
Тэд манай аймагтай олон улсын стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ, хүний нөөцийн сургалтууд, аутсорингийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Дэлхийн Чанарын өдрийг угтан Монголын чанарын дэд бүтцийн хувийн хэвшлийн багийг өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Цаашид Орхон аймгийг хөгжүүлэх бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхээр зорьж буй "Ухаалаг Эрдэнэт" хөтөлбөр болон хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэт хотод тодорхой стандартуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цаашид хотын статусаар хөгжихөд Эрдэнэтчүүдэд чанарын стандарт зайлшгүй шаардлагатай болох учраас энэ талаар хамтран ажиллах нь тодорхой үр дүнд хүргэх юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!