Төсвийн тухай хуульд заасны дагуу 11-р сарын 20-ны дотор төсвийг төрийн аудитад хүлээлгэн өгөх ёстой байдаг. Өнөөдөр Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал болон холбогдох албаны хүмүүс хуулийн хугацаанд нь 2022 оны аймгийн төсвийг өргөн барилаа.

      Төсвийг төлөвлөхдөө Эрдэнэт хүн, Эрдэнэт хот, Эрдэнэт хүч гэсэн үндсэн концепцдоо тулгуурлан, цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг бууруулах, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэн хийж гүйцэтгэсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн цар тахлын эрсдэл буураагүй энэ цаг үед үүний эмчилгээнд зарцуулах хөрөнгийг тусгаж өгчээ.
       2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн нийт зардалд 62,9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс он дамжин хийгдэх хөрөнгө оруулалтын зардал, шинээр хийгдэх хөрөнгө оруулалтын зардал, төсөл хөтөлбөрийн зардлуудыг тус тус хувиарласан талаар танилцууллаа.
      Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтөөр ААН-ийн орлогын албан татварын 40 хувийг аймаг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг болсон. Үүний дагуу УИХ-ын намрын чуулганаар Орхон аймгийн төсвийн суурь орлогыг 141 тэрбум төгрөгөөр, төсвийн нийт орлогыг 155,7 тэрбум төгрөгөөр баталсан байна.
Мэдээллийн төв