#Шууд: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компанийн хууль бус тусгай зөвшөөрлийн талаар MMRI ХХК-иас мэдээлэл хийж байна...

MMRI ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсайхан: 

-2013 онд хууль бусаар олгосон 108 тусгай зөвшөөрлийн лицензийн хэргээр хэд хэдэн хүн шийтгүүлсэн байдаг. Манай компани хайгуулын 3 тусгай зөвшөөрөл, ашигт малтмал ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл авсан байсан. Улмаар шүүхийн шийдвэрээр цуцлагдсан. Хуулийн байгууллагын шийдвэрт хүндэтгэлтэй хандсан. Жилийн дараа буюу 2014 онд Засгийн газрын 213 дугаар тогтоол гарч, албан тушаалтнуудын буруугаас болж хохирсон иргэдийн дунд сонгон шалгаруулалтад оруулах журам гарсан. Журмын дагуу хайгуулын 3 тусгай зөвшөөрөл авсан, харин  ашигт малтмал ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтад оруулахгүй байсаар байна. 7 жил хүлээж байна. 

- Гэвч өнгөрсөн хугацаанд дээрх 108 тусгай зөвшөөрлөөс хэд хэдэн зөвшөөрөл цуцлагдаагүй байгааг олж мэдсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын шууд хамаарал бүхий компаниуд сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр лиценз эзэмшиж, үйл ажиллагаагаа эрхэлж байна. 

- Тухайлбал, 15192 дугаартай тусгай зөвшөөрөл нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Инфинити спэйс” ХХК-ийнх бөгөөд тухайн үед цуцлагдаагүй. Одоо хүртэл төмрийн хүдэр олборлож байна. 

- Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын шууд хамаарал бүхий “Өсөх зоос” ХХК-ийн 15177, 15778 дугаартай тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр 2009 онд хүчингүй болгосон. Гэтэл энэ компани одоо болтол нүүрс олборлож байна. Жирийн иргэдийн компанийн лицензийг шүүхийн шийдвэрээр цуцалчихдаг. УИХ-ын гишүүд, эрх бүхий хүмүүсийн компанийн лиценз цуцлагдахгүй, үйл ажиллагаа нь үргэлжлээд яваад байдаг байж болохгүй.