Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн тогтоолын дагуу олон улс болон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 2026 оны наймдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Өмнө нь мөрдөж байсан Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор суудлын автомашинаас 1,000 төгрөг, ачааны автомашинаас ангиллаас нь хамааран 2,000-10,000 төгрөгийн төлбөр авдаг байсан бол шинэ тарифаар төлбөрийг дараах байдлаар тогтоожээ.
- 12 хүртэл хүний суудалтай автомашин - 5,000 төгрөг
- 12-24 хүний суудалтай автобус - 8,000 төгрөг
- 24-өөс дээш хүний суудалтай автобус - 12,000 төгрөг
- 2 тэнхлэгтэй, 3.5 тонн хүртэлх ачааны автомашин - 10,000 төгрөг
- 2 тэнхлэгтэй, 3.5-18 тонн хүртэлх ачааны автомашин - 12,000 төгрөг
- 3 тэнхлэгтэй, 18 тонн хүртэлх ачааны автомашин - 14,000 төгрөг
- 3 тэнхлэгтэй, 18-25 тонн хүртэлх ачааны автомашин - 16,000 төгрөг
- 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонн хүртэлх ачааны автомашин - 18,000 төгрөг
- 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонноос дээш ачааны автомашин - 20,000 төгрөг
- Механизм - 20,000 төгрөг
- Мотоцикл - 2,000 төгрөг
Шинэ зохицуулалт нь Алтанбулаг- Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам болон аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто замд мөрдөгдөнө.
Мөн орон нутгийн замын төлбөр авах цэгээр тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдүүд урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар авто зам ашигласны төлбөрт 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
Түүнчлэн авто зам ашигласны төлбөрөө хоёр болон түүнээс дээш удаа төлөөгүй, өр хуримтлагдсан тохиолдолд төлбөр авах цэгийн автомат хаалт нээгдэхгүй бөгөөд жолооч төлбөрөө бүрэн барагдуулсны дараа зорчих боломжтой болохыг албаныхан мэдээллээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!