Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үе тэнгийнхнийхээ дуу хоолой болж, аймагтаа олон арга хэмжээ зохион байгуулж, хүүхдийн оролцооны байгууллагынхаа идэвхийг нэмж чадсан нэгэн “адтай” охинтой  ярилцсанаа хүргэж байна. 

М.Хүслэн Ерөнхийлөгч болохыг мөрөөддөг. Тэр мөрөөдөлдөө хүрэхээр алхам алхмаар урагшилж, мэргэжлээ хүртэл сонгоод буй. Магадгүй түүний хүссэнчлэн хүмүүнлэг нийгэмтэй, оюунлаг иргэдтэй, хүүхдүүдээ хайрладаг улсын эрхэм Ерөнхийлөгчтэй ярилцаж суугаа юм ч юм билүү хэн мэдлээ… Түүний яриа нэгийг бодогдуулж хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна.         


ӨСВӨРИЙНПАРЛАМЕНТХӨТӨЛБӨР МИНИЙМӨРӨӨДӨЛ, ИРЭЭДҮЙНХҮСЭЛЗОРИЛГОТОЙМААНЬНИЙЦСЭН

- Өөрийгөө эхлээд танилцуулаач.  Өсвөрийн  парламент хөтөлбөрт яагаад оролцох болсон бэ. Ямар шалгуурыг нь хангав? 

Сайн байцгаана уу?  Намайг Мөнх-Очир овогтой Хүслэн гэдэг. Би Сүхбаатар аймгийн 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч.  Өсвөрийн парламент хөтөлбөрт аймгийнхаа хүүхдүүдийг төлөөлөн оролцож байна. Миний хувьд нийгмийн тал дээр нэлээд идэвхтэй. Хүүхдийн оролцооны 2,3 байгууллагыг удирддаг. Энэ хөтөлбөрийн талаар анх сошиалаас мэдээлэл авсан. Тухайн үед “Энэ яг миний байх ёстой газар” гэж бодоод мэдээллийг нь шэйр хийж байлаа. Учир нь энэ хөтөлбөр миний мөрөөдөл, ирээдүйн хүсэл зорилготой маань нийцэж байсан. Тиймээс хөтөлбөр зарлагдангуут танилцуулга, өргөдлөө явуулж, Хүний эрх болон Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх эссэ бичлэгийн хамт явуулсан. Ингээд Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүнээр сонгогдож, хөтөлбөрийнхөө Хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. 

- М.Хүслэнтэйгээ илүү дотно танилцъя. Бага насныхаа талаар дурсаач, ямар хүүхэд байв. Юу сонирхож, юунд илүү ач холбогдол өгдөг байсан вэ?

Би айлын том. Хоёрдугаар анги хүртлээ айлын ганц охин байсан. Мөн хамаатнуудынхаа хүүхдүүдийн дунд ганцаараа эмэгтэй, аавынхаа талын хамгийн анхны ач нь байсан  болохоор нэлээд эрх. Хүсэж гаргасан хүүхдэд болохоор Хүслэн гэдэг нэр өгсөн гэдэг. Багадаа өвчин их ороодог хүүхэд байсан. Маргааш хуримаа хийж гэж байхад ээжтэйгээ хамт эмнэлэгт хэвтэж байсан гээд л  ер нь л эмнэлгээс салдаггүй хүүхэд байсан. Харин сургуульд ороод, олон хүүхдүүдтэй нийлээд энэ байдал маань өөрчлөгдсөн. Байнга л ярьдаг хүүхэд байсан болохоор аав ээжийн маань найзууд "Хүслээн чиний чинь ам өвддөггүй юм уу" гэж хүртэл асуудаг байлаа. 

Мөн сургуульд ороод өөрийгөө бүх талаараа хөгжүүлэхийг хичээсэн. Ер нь олуулаа хийж болох бүх зүйл дээр өөрийгөө дайчилж оролцдог тийм төрлийн хүн болсон гэх үү дээ. Одоо бол дуулъя гэвэл дуулчихна, бүжиглэе гэвэл бүжиглэчихнэ. Ярья гэвэл ярьчихна, илтгэл тавь гэвэл өөрийнхөө хэмжээнд тавьчихна.

- Хүүхдийн оролцооны байгууллагын нэлээн идэвхтэн гишүүн гэлээ. Ямар байгууллагад ажиллаж байв?

- Зургаа, долдугаар ангид байхад хүүхдийн оролцооны байгууллагын ах эгч нар надад үнэхээр "cool" харагддаг байлаа. Тэр үед би яг хэзээ ийм болох бол, юу хийвэл энэ ах, эгч нар шиг болох бол их боддог байсан. Их хүсэл байв ч арай балчирддаг байсан болохоор "Ахлах ангидаа ороод л "будаа болгоё",  аймгаа хөгжүүлэх ер нь оролцъё " гэдэг бодол төрдөг байлаа. Ингээд есдүгээр ангидаа сургуулийнхаа Сурагч албаны удирдах зөвлөлийн нарийн бичгээр сонгогдсон. Одоо Сүхбаатар аймгийнхаа хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. 

- Бага байхдаа аймгаа хөгжүүлье гэж боддог байсан талаараа ярьлаа. Тухайн үед чамд аймгийнхаа юуг өөрчилж, хөгжүүлмээр санагдаж байсан вэ?

- Хоёр, гуравдугаар ангид байхад нэг охин зурагтаар “Би Монголын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно” гэж ярьж байсан юм. Тэр үед ээж “Хүслээн чи том ямар мэргэжилтэй болох болох вэ” гэж асуугаад “Чи Монголын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно гэж хэлж чадахгүй л байх даа” гээд л хоёулаа инээлдээд л өнгөрч байсан юм. Харин одоо би Монголынхоо хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болохыг мөрөөддөг. Тэр үеэс хойш гэрт болон сургууль дээр ямар нэг асуудал гарвал яаж шийдвэрлэх үү цаашлаад аймгийнхаа хэмжээнд тулгамдаж байгаа асуудал дээр гарц гаргалгаа нь юу байж болох уу гэж боддог болчихсон. Нэг үгээр, болохгүй байгаа асуудал болон шийдвэрлэх арга зам нь юу вэ гэдгийг  урьтаж харахыг хичээдэг болсон. 


ХҮҮХЭДХҮЧИРХИЙЛСЭНГЭХМЭДЭЭ,МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭХБОЛГОНДООБИУЙЛДАГБАЙСАН... 

- “Хүн бай” аяныг аймагтаа яагаад зохион байгуулах болсон юм бэ. Ер нь хүүхдийн хүчирхийллийн сэдэв чамайг яагаад тэгж их эмзэглүүлэх болов?

“Лантуу дохио” бүлгэмийн сайн дурын ажилтан нь манай аймагт байдаг юм. Тэр эгч маань надад санал тавьж, “Энэ бол чухал асуудал. Би энэ аянаар дамжуулж, дуу хоолойгоо хүргэх ёстой, хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдээ хамгаалах ёстой” гэж бодогдоод л зохион байгуулалтын ажилд хамтран оролцсон. Аймагтаа аяныхаа хүрээнд 30 гаруй хүүхдүүдийг сайн дурын ажилтнаар авч,  хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан. Нэг үйл ажиллагаанд ойролцоогоор 200-400 хүнийг хамруулсан. Тухайлбал зургийн тэмцээнд гэхэд л 500-600 орчим бүтээл ирж байсан. 

Мөн аян зохион байгуулсны үр дүнд ААН, иргэд маань “Хүүхдүүд юу яриад байна вэ” гэж анхаарал хандуулж, хүүхдийн хүчирхийллийн тал дээр дуугардаг болсон. Мөн хүүхдийн оролцооны байгууллагууд хүртэл тэр цагаас хойш илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хүүхдийг арай илүү сонсдог болсон гэж хардаг. 


Би эмээ өвөө дээрээ өссөн учраас мэдээ их үздэг байсан. Мэдээгээр хүүхдийн хүчирхийллийн асуудал гарангуут яагаад ч юм нүдэнд нулимс цийлгэнээд, Яагаад хүүхдүүдийг ингэж хүчирхийлдэг юм бол гээд л миний дотор нэг юм шатдаг байсан. Ийм мэдээ, мэдээлэл нэвтрүүлгүүдийг үзэх тоолондоо би уйлдаг байлаа. Яагаад… би энэ хүүхдүүдийг төлөө юу хийж чадах вэ гээд л. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай чиний биед хүн зөвшөөрөлгүй хүрч болохгүй шүү гэдгийг хүүхдүүдэд яаж ойлгуулах вэ гэж хүртэл бодно. Магадгүй энэ бодол маань энэ сэдвийг илүүтэй ярих, анхаарал хандуулах, яриад ойлгуулчихсан юмсан гэсэн сэтгэгдлийг маань төрүүлсэн юм болов уу.

Манай үеийнхны хувьд хүчирхийлэл бол асар хүнд сэдэв. Бүгд л эмзэглэдэг. Томчууд хүүхдүүдийг энэ асуудлыг мэддэггүй гэж боддог. Гэвч үнэндээ хүүхдүүд хүртэл хүчирхийллийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр маш их санаа зовнидог. Хэрвээ таньдаг хүүхдэд чинь ийм асуудал тулгарвал хаана, хэнд хандах, ямар зөвлөгөө өгөхөө бид мэддэг.


МАНАЙ ҮЕИЙНХЭН ДЭЛХИЙН ТҮВШИНД  ӨРСӨЛДӨХҮЙЦ МЭДЛЭГТЭЙ, МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛЖ БАЙГАА


- Цахим сүлжээ сайн хөгжсөний хэрээр хүүхдүүд эрхээ сайн мэддэг болж. Гэвч эдлэх эрхээ мэдэж байгаа хэр нь эрхэлж байна гэж зарим хүмүүс ярих болж. Үүнтэй хэр санал нийлэх үү?

- Манай үеийнхны хувьд нэлээд онцлогтой. Цахим сүлжээ өндөр хөгжсөн үед бид өсөж, хүмүүжиж байна. Тэр хэрээр цахимаар авч байгаа мэдээллийг нь  хянах, шүүх боломж тун хомс. Юу хүснэ, тэр мэдээллээ авч байна. Өөрөөр хэлбэл дэлхий чинь бөөрөнхий биш хавтгай, дэлгэмэл болчихоод байна шүү дээ. Яагаад манай үеийнхэн эрхээ илүү эдлээд байгаа юм шиг харагдаад байна гэхээр, цахим сүлжээнд асуудал маань нээлттэй болчихсон. Хүүхдийн эрхийн асуудал бидний өмнөх үед ч байсан. Тэр үед энэ талаар төдийлөн нээлттэй ярьдаггүй, хүн бүр цахимаас зураг хөргийг нь хардаггүй байсан болохоор нэг их анхаарлын төвд ордоггүй байсан болов уу. 

Хуульч болно гэсэн. Яагаад энэ мэргэжлийг сонгохыг хүсэх болов. Монголын хамгийн анхны Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй чинь холбоотой юу? 

- Бид нээлттэй болсны хэрээр аливаа асуудлыг олон талаас нь хардаг, илүү чадавхтай иргэн болж төлөвшиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн улс дотроо өрсөлдөх биш дэлхийн түвшинд, олон улсад өрсөлдөхүйц мэдлэгтэй, мэдээлэлтэй болж байгаа нь бидний маш том давуу тал.

Хуулийн салбарыг сонгосон шалтгаан нь миний ирээдүйн мөрөөдөлтэй холбоотой. Намайг мөрөөдөлдөө хүргэхэд минь түүчээлж чадах мэргэжил бол хуульч. Дээр нь эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн төлөө хийж чадах миний дараагийн алхам.  Тиймээс хуулийн мэдлэггүй хүмүүсийн эрхийг нь хамгаалъя, эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн дуу хоолой болъё гэдэг үүднээс 2 жилийн өмнө мэргэжлээ сонгосон. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бага багаар урагшилсаар л байна даа. Өсвөрийн парламент хөтөлбөр бол миний ирээдүйн зорилго, тэмүүлэлдээ хүрэх нэг алхам, шат. Би энэ хөтөлбөрт хамрагдсанаар  хууль хэрхэн бүтдэг вэ, парламент гэж юу вэ, Ерөнхийлөгч гэж ажил, албан тушаал  байдаг вэ, Ерөнхий сайд ямар эрх мэдэлтэй юм зэрэг парламентын боловсролын талаар маш их мэдээллийг олж авсан. 

- "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн оролцогчид Боловсролын хуулийн талаар хэлэлцэж, санал бодлоо хүргүүлж байгаа гэж сонслоо?

Манай хөтөлбөрийн Хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хорооны оролцогчид Боловсролын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал асуулгад оролцож, саналаа шийдвэр гаргагчдад хүргүүлсэн. Тухайлбал, анги танхимын хүрэлцээ хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангаж чаддаггүй. Хэдийгээр үүнийг маш олон хүн ярьдаг ч шийдвэрлэж чаддаггүй. Тэр хэрээр жил ирэх бүр асуудал нь ужгирч, томордог. Мөн охидын үзлэг бол яах аргагүй өсвөр насныхны том асуудал. Эмч нар нь хүртэл ээж, аавын зөвшөөрөлтэй бол үзлэгт орохгүй байх эрхтэй гэдгийг нь сануулдаггүй. Томчууд охидуудыг бэлгийн харилцаанд орсон эсэх, халдварт өвчин байгаа эсэх, жирэмсэн эсэх зэрэг дээр судалгаа гаргаад л өнгөрдөг. Гэтэл үүний цаана асар том асуудал үүсдэгийг тэр бүр мэддэггүй. Охидын үзлэгээс улбаалж янз бүрийн яриа гардаг. Хүүхдүүд үүнээс болж сэтгэл гутралд орох тохиолдол бий. Тэгэхээр үүнийг зөвхөн судалгаа, эрүүл мэнд талаас нь хараад өнгөрөх асуудал биш. 


ӨСВӨРНАСНЫХҮҮХДҮҮДТЭЙГЭЭЭЦЭГЭХЧҮҮДНЭЭЛТТЭЙЯРИЛЦДАГБАЙГААСАЙ

- Өсвөр насныханд тулгамдаад байгаа асуудлын нэг нь сэтгэл гутрал юм байна гэж хардаг?

Яг тийм. Манай үеийнхэн сэтгэлийн тэнхээ багатай байж магадгүй л дээ. Учир нь сэтгэл гутрал гэдэг асуудал бараг хүүхэд болгонд тулгамддаг асуудлын нэг болчихож. Одоо тухайн хүүхдийн эцэг, эх багш нь энэ талын мэдлэгтэй байх эсэхээс хамаарч, сэтгэл гутралаа давж гарч чадаж байна уу, чадахгүй байна уу гэдэг асуудал тэрнээс ч чухал болоод байна. Сэтгэл гутралд орсон хүүхэд андашгүй байдаг. Дуугаа хураана, ярихаа болино, олон зүйлийн талаар бодож, зөвхөн өрөөндөө л шигддэг. Энэ үед нь эцэг, эх багш нар нь “Энэ одоо яагаад маяглаад байгаа юм бэ” гэх сэтгэлээр хандвал тухайн хүүхдийн гутралыг улам л гүнзгийрүүлдэг. Тэгэх тусам хүүхэд “Яагаад надаас чи зүгээр үү гэж асуучихаж болдоггүй юм бол” гэж бодож,  өрөөнийхөө буланд улам л шигддэг. Харин энэ талын мэдлэг мэдээлэлтэй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж, энэ өвчнөөс хүүхдүүдээ хамгаалж чаддаг. Ер нь “Зүгээр үү, яасан бэ миний хүү, охин” гэдэг ганцхан асуулт өсвөр насныхныг сэтгэл гутралд орох эсэхийг хэмждэг. Бидэнтэй ярилцах, биднийг ойлгох хүмүүс ер нь дутмаг байдаг даа. 



- Томчууд юу хийвэл хүүхдүүд маань сэтгэл гутралд өртөхөөс сэргийлэх бол?

- Сэтгэл гутралын тал дээр эцэг эх, багш нар мэдээлэлтэй болох хэрэгтэй. Энэ жилээс эхлэн сургууль дээр сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн нь маш сайн хэрэг. Гэхдээ энэ бол дан ганц сэтгэл зүйч хүний асуудал биш. Эцэг эхчүүд энэ тал дээр мэдлэг мэдээлэлтэй  байж, хүүхэдтэй ярилцаж, тэднийг ойлгож, дэмжинэ. Аав ээж нар маань сэтгэл гутралын талаар мэддэггүй байж болно л доо. Гэхдээ хүүхдийнхээ төлөө жаахан ч гэсэн хичээхгүй бол энэ тал дээр эцэг эхчүүд асар их алдаа гаргадаг. Ингэснээр тэдний гутралыг анагаах бус бүр ахисан түвшинд нь гаргадаг талтай. 

- Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй гэж ярьсан даа. Хэрвээ энэ мөрөөдөл биелэвэл хамгийн түрүүнд чи ямар ажил хийх вэ.  Ирээдүйд эх орон маань ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

-  Ерөнхийлөгч болвол хамгийн түрүүнд монголын ирээдүй болсон хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллана. Хүүхдийн асуудлын талаар хэлэлцэх бүртээ хүүхдийн дуу хоолойг сонсоно. Одоогийн монголын хүүхэд багачуудад тулгамдаж байгаа асуулын нэг бол яах аргагүй  эрүүл аюулгүй орчин. Нэгдүгээрт хүүхэд байх ёстой гэдэг шүү дээ.  Тиймээс хүүхэд багачуудын хүрээлэн буй газрын эрүүл аюулгүй, хүртээмжтэй орчинг нэмэгдүүлнэ.

Ирээдүйд эх орноо монгол өв уламжлалаа гээхгүйгээр хөгжин дэвшсэн, эрүүл аюулгүй тав тухай орчин бүрдүүлсэн, ард иргэдээ нэгдүгээрт тавьдаг, иргэд нь эх орноосоо зугтах бус харин эргэж ирэхийг хүсдэг улс орон байгаасай хүсдэг. Мөн ирээдүйн гайхамшигтай эх орноо бүтээхдээ өөрөө ч мөн адил гар бие зүтгэнэ гэж боддог.


ӨМНӨ НЬ БИ АЙМАГ ДОТОРХ ХҮСЛЭН БАЙЛАА, ОДОО УЛС ДОТОР ХҮСЛЭН БОЛСОН 


- Өсвөрийн парламент хөтөлбөрт оролцохын өмнөх  Хүслэн, орсны дараах Хүслэнд хэр ялгаа байна вэ?

Тэс ондоо. Харах өнцөг маань 180 градус эргэсэн. Өсвөрийн парламент хөтөлбөр зургаахан сарын хугацаанд явагдсан. Өмнө нь би аймаг доторх Хүслэн байлаа. Аймгийнхаа хэмжээнд л юмыг хардаг. Сүхбаатар аймагт ийм асуудал байна, үүнийг ингэж шийдвэрлэмээр байна гээд л аливаа асуудлын харах өнцөг маань их жижиг байсан гэх үү дээ. Харин одоо бол 21 аймаг,  9 дүүргийн хэмжээнд хардаг болсон. Жишээ нь  Баян-Өлгий аймгийн хүүхдүүдэд хос хэлний асуудал хүндрэл үүсгэдэг юм байна. Баянхонгор аймгийн хүүхдүүдийн сургуулийнх нь дотуур байрны хажууд уул уурхай байдаг юм байна. Энэ уурхай нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөд зогсохгүй бусад асуудлуудыг ч дагуулж байгаа юм байна гэх мэтчилэн улс орны хэмжээнд хүүхдүүдийнхээ өмнөөс дуугардаг, тэдний хүслийг шийдвэр гаргах түвшинд хүргэх Хүслэн болсон. 

Миний хувьд тус хөтөлбөрөөс маш олон зүйлийг сурч, өөрийгөө нээж, илүү их хөгжих суурь тавигдсан гэж бодож байна. Мөн өөртөө итгэх итгэлтэй урам зоригтой болсон.