Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ.
Б.Мөнхбаатар:
- Геодези бол улс орны эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь байдаг. Өөрөөр хэлбэл, геодезийн тоонд тулгуурлаж бүтээн байгуулалт явдаг. Хийн хоолой, төмөр зам, шугам хоолой гээд бүх бүтээн байгуулалт геодезид тулгуурладаг. Тиймээс энэ салбарын эрх зүйн орчныг хэд хэдэн чиглэлээр сайжруулж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодизийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх 360 гаруй геодизийн цэг тэмдгийн тал нь устаж үгүй болсон. Эдгээр цэг тэмдэг байхгүй болсноор хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байдаг. Өндөржилтийн цэг байхгүй болсноор тухай төсөлд хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд газрын урууг харж барилгаа өндөр барьснаас үүдэн ус зайлуулах хоолой нь авто зам болж хувирсан.
- Геодезийн төлөвлөлт, хэрэгжилт, архивлах асуудлыг нарийн зохицуулж, мэдээллийн санг нэгтгэх асуудлын тусгаж байна. Түүнчлэн батлан хамгаалахын салбарыг тусгайлсан салбар гэж үзээд газрын мэдээллийг нээдэггүй байсан. Харин энэ хуулийн төсөлд нийтийн болон тусгайлсан гэж ангилаад, нууцаас гаргасан газрын мэдээллийг ид тод болгож, иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжоор хангаж байгаа. Түүнчлэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн байгууллагуудын оролцоог нарийвчлан тусгасан.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!