Монголчуудыг байсхийгээд  л “муу мэдээ” сандаргадаг болсон. Наадмын өмнөх нь эдийн засагчид нөхцөл байдал хүнд боллоо, үнийн өсөлт 200-300 хувиар нэмэгдлээ, инфляц 15.1 хувь болж, төгрөгийн ханш унаж, гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрчихлээ гэж сануулсан. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засгийн байдал төсөөллөөс ч илүү хүнд нөхцөл, байдалд орсон учир дефолт зарлах эрсдэлтэй байгааг анхааруулсан хэрэг. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Дефолт болох хэмжээний эрсдэлд орохгүй” хэмээн мэдэгдсэн ч сар гаруйхны дараа олон улсын санхүүгийн байгууллага ирэх 4 жилд дефолт болж болзошгүй хоёр орны нэгээр манай улсыг нэрлэж орхив. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС дор бүрнээ Монгол Улсын эдийн засагт өөрсдийн үнэлэлт, дүгнэлт өгч, дээрх бодит эрсдэлүүдийг өгүүлсээр байна.

ДЕФОЛТ ГЭЖ ЮУ ВЭ: Өрийн хямралын эцсийн шатны илрэл нь тухайн улс дефолт зарлах буюу өрөө төлж чадахгүй болсноо зарлах явдал байдаг. Аливаа улсын засгийн газар өрийн үндсэн төлбөр болон хүүг эргэн төлөх үүргээ хэсэгчилсэн болон бүрэн байдлаар гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадаагүй тохиолдолд дефолтод хүрэх буюу дампуурлаа зарладаг. Брэттон Вүүдсийн тогтолцоог зогсоосон буюу 1971 оноос 2008 он хүртэл гадаад өрийн дампуурал зарласан нийт 41 улсын 77 тохиолдол гарсан байна (Райнхарт ба Рогоф, 2008). Дампуурлаа зарласан улс олон улсын зах зээлд үнэлгээ буурах, бизнес эрхлэгчдийн итгэл суларснаар томоохон санхүүгийн байгууллагууд хөрөнгөө татаж, хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгддэг. Ингэснээр дэлхийн зах зээлээс санхүүгийн эх үүсвэр татах боломжгүй болж, хөрөнгийн урсгал зогсох, улмаар банкны болон ханшийн хямралын эрсдэлийг нэмэгдүүлдэг. (Монголбанк, судалгааны ажлын товхимол №14, 2019 он)

“Economist Intelligence Unit” /EIU/-ийн судлаачдын мэдээллийн дараа төрийнхөн мөн л ээлж дарааллан мэдээлэл, мэдэгдэл хийж, дефолт болох хэмжээний эрсдэл манай улсад нүүрлээгүй хэмээн мэдэгдсэн. Одоо ч энэ мэдэгдэлээ тоть мэт давтсаар. Гэхдээ тэд мэдэгдэлдээ, 2022, 2023 оныг л дурдсанаас тэрний дараах  4 жилийн тухай дурссангүй. 2024 онд сонгууль болох учраас цаашид хэрхэх нь хамаагүй гэж үзсэн бололтой.

Сангийн сайд Б.Жавхлан:

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

ОЛОН УЛСАД: Дэлхийн улс орнууд гадаадын өрийн дарамтаас болж дефолт зарласаар байна. Ковид болон олон улсын хэмжээний эдийн засгийн хямралаас үүдэн Шри Ланк улс хүнс, түлш шатахууны хомсдолд орж, инфляц нь 21.5 хувьд хүрч хямрал нүүрлэснээр 51 тэрбум ам.долларын гадаад өрийн төлбөр дээрээ дефолт зарласан бол Аргентин улсын жилийн инфляц 52 хувьд хүрчээ.

Тус улс 2022 болон 2023 онд төлөх нийт 39 тэрбум ам.долларын гадаад өрийн төлбөр дээр дефолтын эрсдэл үүссэний улмаас дахин санхүүжилтийн хувилбарыг баталж, ОУВС руу хүсэлтээ хүргүүлээд байна.  Мөн Пакистан улс санхүүгийн хүндрэлийн улмаас мөн л ОУВС-тай яриа хэлцэл хийж эхэлжээ.

Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын таамаглаж байгаагаар үүсээд байгаа таагүй нөхцөл байдлуудын улмаас цаашид дампуурч болзошгүй улс орны тоо нэгээр тогтохгүй гэж мэдэгдсээр. Харин манай улс эдгээр улсын тоонд орчих юм биш биз гэсэн болгоомжлол төрнө.  

2022 онд дефолт зарлах эрсдэлтэй 10 улс:

Эх сурвалж: Bloomberg

ДҮР ЗУРАГ: Эдийн засгийн амин үзүүлэлтүүд, бондын зарцуулалт, төсвийн алдагдал, хөрөнгө оруулалтын орчин бүрхэг тэнгэр мэт бүдийсээр. Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувь агшсан бол 2021 онд ердөө 1.4 хувийн өсөлт үзүүлсэн. Энэ оны эхний улирлын байдлаар 3.8 хувийн уналттай байгаа нь манай эдийн засаг тун амаргүй байгааг илтгэж байна.  Түүгээр ч үл барам инфляц улсын хэмжээнд 16.1 хувь, нийслэлд 16.9 хувь хүрсэн нь Ази тивдээ төдийгүй дэлхийд дээгүүр бичигдэх үзүүлэлт төдийгүй гадаад өрийн асуудал ч гамшгийн хэмжээнд хүрч, ДНБ болон нэг хүнд оногдох өрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна.


Цаашид хилийн асуудал, тээвэр ложистик, үнийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байгаагаас гадна БНХАУ-ын хэрэгжүүлж буй “Тэг ковид” бодлого нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад тэр дундаа Монгол Улсад -0.38 орчим нэгж хувиар нөлөө үзүүлэхийг Дэлхийн Банк тайландаа дурджээ. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд манай улсын экспорт хумигдаж, импорт тасалдан инфляц ч тэр хэрээр өсөх эрсдэл энд дохио өгч байна. Инфляциар дамжин нийгэм, эдийн засагт томоохон цочрол, дарамт ирэх дүр зураг үүнээс харагдсаар байна. 


ТУЛСАН ӨР: Манай улсын эдийн засагт бондын эргэн төлөлт тулсан асуудал гэдэг нь яах аргагүй үнэн. Хэрэв бид эдгээр төлөлтөө хийж чадахгүй бол Шри-Ланк улсын араас дефолт зарлах нь мөн л бодит үнэн билээ. Юуны түрүүнд дефолт болох эрсдэлээс мултрахын тулд Монгол Улс тулсан гадаад өрөө төлөх ёстой. Энэ жил Чингис бондын үлдэгдэл болох 134 сая ам.долларыг төсвөөс төлөх хуваарьтай. Харин ирэх жил "Гэрэгэ" бондын 540 сая ам.доллар, Хөгжлийн банкны Засгийн газраар баталгаа гаргуулж авсан "Самурай" бондын 730 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг төлөх үүрэгтэй. Үүнээс "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулахаар төлөвлөсөн гэх.

Хэдхэн сарын өмнө "Самурай" бондын 730 тэрбум төгрөгийн өрийг Хөгжлийн банк төлж чадах эсэх нь ихээхэн эргэлзээтэй байлаа. Харин өнөөдөр байдал өөрчлөгджээ. Гэвч бид тулсан өрөө төллөө гээд дефолтод орох эрсдэлээс зайлж чадах уу...

Сангийн сайд Б.Жавхлан /2022.07.22/" 

-Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд 503,5 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгджээ. Он дуусахаас өмнө 500 орчим тэрбум төгрөгийн зээл төлүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр 1 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөж, 2023 оны 9 сард төлөгдөх Хөгжлийн банкны Евро бондын 500 сая доллар, 2023 оны 12 сард төлөх 720 тэрбум төгрөгийн Самурай бондын өр төлбөрийг Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулахаар ажиллаж байна.

 

ТОО БАРИМТ: 2010 онд улсын нийт өр 7,1 тэрбум ам.доллар байсан бол 12 жилийн хугацаанд 4-5 дахин нэмэгдэж 2021 онд 33,8 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь хөгжиж буй орнуудын гадаад өртэй харьцуулахад 2-3 дахин өндөр үзүүлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар манай гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 221 хувьтай тэнцэж байна.

Түүх сөхвөл, Монгол Улс түүхэндээ гурван удаа гадаад өрөө эрс нэмэгдүүлж байжээ.  2012 онд 1,5 тэрбум ам.долларын Чингис бонд гаргаж байсан бол 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, 2019 онд Ковидын улмаас төсөв дээрээ дэмжлэг авсан нь гадаад өрийн хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдэхэд хүргэжээ.  

 

ХЭНД, ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ӨРТЭЙ ВЭ:  Манай улс дэлхийн 195 орноос 16 улсад өртэй байна. Өрийн дийлэнх нь буюу 14,2 тэрбумын зээлийг олон зээлдэгч оролцсон зээл эзэлж байгаа бол Нидерланд – 8,4 тэрбум /Оюутолгой/,  БНХАУ – 3,8 тэрбум /Засгийн газрын өр 1 тэрбум, Своп 1,8 тэрбум/, Япон – 1,8 тэрбум, Хонгконг- 1,2 тэрбум, Сингапур – 1,2 тэрбум, АНУ – 637 сая ам.доллар зэрэг нийт 16 улсын 42 зээлдүүлэгч манай гадаад өрийг үндсэндээ бүрдүүлж байна.


Харин Засгийн газрын өрийн 66 хувь буюу 5,7 тэрбум ам.долларыг Хөгжлийн зээл буюу урт хугацааны хөнгөлөлтэй зээл эзэлж байгаа бол 33 хувь нь гадаад бонд бүрдүүлж байна.  Манай улс 1990-2000 онд 460,6 сая,  2001-2010 онд 1 тэрбум ам.долларын зээл авч байсан  2011-2021 онд 4,2 тэрбум ам.долларын хөгжлийн зээл авч байжээ. Зээлдүүлэгчдийн дийлэх нь Азийн хөгжлийн банк /1,8 тэрбум/, Дэлхийн банк /809 сая/  байгаа бол Япон 1,2 тэрбум, БНХАУ 1 тэрбум, БНСУ 155 сая, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 110,5 сая ам.доллар бусад нь 596,8 сая ам.доллар байна.

 

2023-2026 ОНД ЮУ БОЛОХ ВЭ: Economist Intelligence Unit” /EIU/-ийн судлаачид Азийн хөгжиж буй орнууд тэр дундаа Монгол Улсыг зээлийн өртөг, инфляц нэмэгдэж, эдийн засгийн хямрал нүүрлэснээр ирэх дөрвөн жилд дефолт болох хамгийн өндөр эрсдэлтэй гэж үзсэн нь цаана учиртай. Манай улс  сүүлийн жилүүдэд жил дунджаар 2,4 тэрбум ам.долларын эргэн төлөлт, өрийн зохицуулалт хийж ирсэн. Тэгвэл ирэх 4 жил онцолбол 2023-2026 онуудад сүүлийн 32 жилийн хугацаанд байгаагүй гадаад өрийн өндөр дарамттай он жилүүд байхыг дотоодын төдийгүй гадаадын эдийн засагчид анхааруулж байна.

Манай улс энэ жилүүдэд нийт 13,3 тэрбум ам.долларын өр төлөхөөс Засгийн газар 4,6 тэрбум, Монголбанк 2,1 тэрбум, Арилжааны банкууд 0,7 тэрбум, бусад сектор 5,9 тэрбум /Оюутолгой 2,2 тэрбум, Энержи ресурс 0,4 тэрбум, МИК 0,3 тэрбум/ төлөх аж.  Өөрөөр хэлбэл, 2023 онд 6,5 тэрбум, 2024 онд 3,2 тэрбум, 2025 онд 1,7 тэрбум, 2026 онд 2,2 тэрбум ам.долларын гадаад өр, хүүгийн төлбөр төлөхөөр байна. Хэрэв бид өрөө төлж чадахгүй бол... Хамгийн том асуудал нь инфляц.


ИНФЛЯЦ ЯАХ ВЭ: Засгийн газар эдгээр зээлүүдээ ямар нэг арга сүвэгчлэн төллөө гэхэд цаана нь инфляц гэдэг том даваатай тулна. EIU –ийн судлаачид инфляцыг онцолсон нь мөн л учиртай. Одоогоор дефолт зарласан болон зарлах эрсдэл өндөртэй орнуудад гарч байгаа нийтлэг нөхцөл нь тухайн улс орнуудын инфляц болоод байна.

Манай улсын хувьд  хоёр жилийн өмнө БНХАУ гэх “толгойны өвчин”-тэй байсан бол өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн  ОХУ хэмээх дахин нэг “асуудал”- тай болчихсон. Хоёр хөршийн геополитик болон хязгаарлалтын асуудлууд импортын инфляцтай манай улсад ложистик болон валютын ханшийн нөлөө, өртгийг нэмэгдүүлснээс гадна олон улсын зах зээл дээрх хүнсний болон нефтийн үнийн өсөлт,  тээвэр логистикийн саатал, тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн сүлжээний доголдол өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа нь инфляцын хазаарыг дийлж чадах эсэх дээр эргэлзээ төрүүлсээр байгаа юм.

Одоогоор инфляцын үзүүлэх нөлөөлөл нь хэрэглээний барааны үнийн өсөлт, тээвэрлэлт, үйлдвэрлэлийн зардлын өсөлт, гадаад валютын хомсдолоор илэрч байгаа ч урт хугацаандаа аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх нөхцөлийг ч улам бүрдүүлсээр байна.


Нөгөө талаар манай улсын экспортын 90 хувь,  төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тасалдах, төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл бодитоор байсаар байна.

Гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, ирэх онд агших төлөв ажиглагдсан. “Тэг ковид” бодлогын улмаас хил гаалийн нэвтрэлт хүндрэлтэй, дэлхийн нийтээр инфляцын улмаас бараа бүтээгдэхүүний эрэлт багасаж, БНХАУ-ын үйлдвэрлэл удааширч эхэлсэн гэх шалтгаануудаар буюу гадаад нөхцөл байдлаас шалтгаалан ирэх 2023-2026 онуудад төлөх 13,4  тэрбум ам.долларын гадаад өрийн төлбөрт дефолтын эрсдэл үүсэж мэдэхээр байна.  

                                                                                                                                     Үргэлжлэл бий


***Энэхүү бүтээлийг АНУ-ын ОУХА-гийн "Эмэгтэйчүүд залуучуудын улс төр, сонгуулийн оролцоог идэвхижүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшл төвөөс хэрэгжүүлж байгаа “Ментортой сэтгүүлч” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга, дүгнэлт, санал нь сэтгүүлчийн үзэл бодол бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.