Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. 

З.Мэндсайхан: 

Засгийн газрын хуралдаанд 2022 оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Энэ онд  470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаан буудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн тэжээлийн ургамал хурааж авахаар байна. Ирэх оны тариалалтын ААН, иргэд өөрсдийн  хэрэгцээнд 49 мянган тонн улаан буудайн нөөцлөх бөгөөд үрийн нөөцийн зориулалтаар 10.3 мянган тонн, тэжээлд 36 мянган тонн, спиртийн үйлдвэр 11 мянган тонныг нийлүүлэх санал ирсэн. Харин гурил үйлдвэрлэлд нийт 334.7 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байна. Ургацын урьдчилсан балансаар энэ жил улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангана.

Засгийн газрын өнгөрсөн хаврын тариалалтын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг нь  54 тэрбум төгрөгийн эх үүсвэртэйгээр хүнсний ногоо тариалагчдад анх удаа хөнгөлөлттэй зээлийг олгож, арван нэр төрлийн хүнсний ногоог урамшуулалтай олгохоор зарласан. Энэхүү Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд хүнсний ногооны тариалалтаар дотоодын хүнсний ногооны 70 хувийг хангах урьдчилсан дүн гарч байна. 

Өнгөрсөн жил дотоодын хүнсний ногооны хэрэглээний 58 хувийг хангаж байсан. Одоо баялгаа хугацаанд нь, хөрсөнд нь үлдээхгүйгээр бүрэн хурааж авах асуудал байна.


Ургацын болц технологийн хугацаанаас 5-7 хоногоор түрүүлж байна

Намрын ургац хураалттай холбоотойгоор Засгийн газраас тогтоол гаргасан. Энэ хүрээнд оюутан, цэргийн албан хаагчдыг ургац хураалтад ажиллуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 4776 хүний захиалга ирснээс 1500 орчим цэрэг, оюутан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Энэ намрын ургац хураалт 550  мянган тонн улаанбуудай хүлээж авах сав байна. Энэ жилийн ургацын болц технологийн хугацаанаас 5-7 хоногоор түрүүлж байгаа нь ургац хураахад цаг уурын нөлөөлөл багатай ургац хураалтад эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

Хүнсний ногооны хувьд Улаанбаатар хотод 31 томоохон байршилд хүнсний өргөтгөсөн худалдааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Мөн хүнсний ногоочид ил задгай талбайгаас гадна дүүрэг, хорооныхоо дотор худалдаа эрхлэхэд НЗДТГ-аас ямар нэг хориглох зүйл байхгүй.  


Цаашид Засгийн газраас махны экспортод ямар нэг хориг тавихгүй

Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортлохыг түр түдгэлзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагууд шалгалт хийж дууссан. Шалгалтаар экспортын эрхтэй 11 ААН-ийг дулааны аргаар боловсруулсан 5720 тонн мах, долоон ААН-ийн 3817 тонн адууны мах буюу арав орчим тонн махыг экспортод гаргах эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзэж шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 16 ААН-ийн 9537.6 тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүлсэн. Цаашид Засгийн газраас экспортод ямар нэг хориг тавихгүй. Гол тавих шаардлага бол эрүүл ахуй стандартын шаардлагыг хангасан байх ёстой гэлээ.