НӨАТ-ын сугалаагаар 100 сая, 400 сая төгрөг хожиж байсан үе саяхан мэт боловч зургаан жил өнгөрчээ. Энэ хугацаанд 1.6 сая иргэн 81 тэрбум төгрөг хожсон байна. Монгол Улсын 2,1 сая иргэн оролцдог уг сугалааг дөрвөн сарын өмнөөс түр зогссон. Шалтгаан нь их энгийн. Дэлхийд НӨАТ-тай 166 улс байдгаас 24 улс нь сугалааны системтэй. Тэдгээр улсууд 5-6 жил тутамд системээ шинэчилдэг бөгөөд манай улс ч шинэчлэлийн үе дээрээ ирсэн учир “завсарлага” авсан байна. Тэгвэл Сангийн яам ирэх 9 дүгээр сараас эхлэн НӨАТ-ын сугалаагаа дахин шинэчилсэн байдлаар явуулахаар болсон талаараа өнөөдөр албан ёсоор мэдээллээ.
Шинэ системийн дагуу зөвхөн баталгаажуулсан баримтыг сугалаанд хамруулах, хэр их баримт бүрдүүлнэ, тэр хэрээр сугалаанд өндөр хонжвор хожих боломж нэмэгдэх, сугалаанд хожсон тохиолдолд орон нутгийн бүсээсээ хамаарч нэмэлтээр урамшуулал хүртэх зэрэг олон шинэлэг боломжуудыг нээжээ.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн:
- Манай улсын 2.1 сая иргэн гар утаснаасаа и-баримтаа бүртгүүлдэг. Сард 1 сая орчим баримт хэвлэгддэгээс 10 орчим хувь нь НӨАТ-гүй баримтууд гардаг. Сугалааг зогсоосноос хойш баримтаа баталгаажуулдаг иргэдийн идэвх суларсан. Өмнө нь 100 баримт тутмын 70 нь баталгааждаг байсан бол сүүлийн үед 50 болж буурсан. Тиймээс ирэх сараас сугалааны системээ шинэчилж, шинэ хувилбараар явуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн хугацаанд иргэдээс НӨАТ-ын сугалааны талаар ил тод байдаггүй, итгэл үнэмшилгүй, өөрсдөө сугалаандаа хождог гэх шүүмжлэлүүд гарсан. Тиймээс бид нөхцөл байдалд дүгнэлт хийж, сугалааг аль болох ил тод явуулах, баримтаа идэвхтэй баталгаажуулдаг иргэдээ дэмжих тал дээр хувилбарууд боловсруулж ирэх сараас нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- Тухайлбал өмнө нь бид Боловсрол суваг телевизээр сугалааны тохирлыг шууд дамжуулж байсан бол ирэх сараас Номин, И-март зэрэг томоохон худалдааны төвүүдэд олон нийтийн хяналт дор явуулна. Мөн хэдий чинээ олон баримт уншуулна, тэр хэрээр сугалаанд хожих магадлал өснө. Манай иргэд сард дунджаар 17-20 баримт баталгаажуулдаг. Хэрэв 10 хүртэлх сугалаа бүртгүүлсэн хүн 3 орон таарвал 30 мянган төгрөг хожих бол 50 хүртэлх баримт уншуулсан хүн 40 мянга, 50 дээш баримт бүртгүүлсэн хүн 60 мянган төгрөг хожих жишээний.

- Түүнчлэн орон нутгаас хамаарч сугалааны хонжвор дээр нэмэлтээр урамшуулал бодогдоно. Өөрөөр хэлбэл худалдан авалт хийсэн аймаг, нийслэл дэх төлбөрийн баримт хэвлэлтийн тооны өсөлтөөр урамшууллыг нь нэмэгдүүлж олгоно. 2021 оны байдлаар, Орхон аймгийн төлбөрийн баримт хэвлэлт нь 23 хувиар өссөн. Орхон аймгийн иргэн 30 мянган төгрөгийн азтан болбол хонжвор нь 23 хувиар нэмэгдэж, 36957 төгрөг авна гэсэн үг. Азтан шалгаруулахдаа И-баримт аппликнйшн ашиглан тохирлыг шууд үзэх боломжтой. Ингэхдээ таны баримтуудаас хэдэн тоо тохиролд таарсан, хэдэн төгрөг хожих боломжтой зэргийг мэдэх боломжийг хэрэглэгчдэдээ олгоно.

Татварын ерөнхий газрын дарга Г.Заяабал:
- НӨАТ-ын баримтыг бид сар бүр бүртгэн дүгнэлт гаргадаг. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд иргэдийн и-баримтаа баталгаажуулах нь 50 хувь буурсан. Ингэснээр НӨАТ-ын татвар буурч байна. Өмнө нь НӨАТ-ны орлого ойролцоогоор 130 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн долдугаар сард 95,6 тэрбум болж буурсан. Уг нь 2015 оноос өмнө татварын хамрагдалт 45 хувьтай байсан бол 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын урамшуулал эхэлснээс хойш 70 хувь болж өссөн. Хүн бүр хуулиа биелүүлдэг болгохын тулд сугалааг үргэлжлүүлэх нь зөв. Манай улс бусад улстай харьцуулахад НӨАТ-ын дарамт багатай улсын нэг. Татварын системд 2,1 сая иргэн бүртгэлтэй байдаг. Гэтэл тэдгээр иргэдийн 300 мянга нь л тайлангаа гаргаж байна.

Сангийн яамны харьяа, Гааль, татвар албаны дарга Батбилэг:
- Манай байгууллага Сангийн яамны харъяа улсын үйлдвэрийн байгууллага. НӨАТ-ын системийн 2016 оноос хойш хариуцаж байна. НӨАТ-ын системээс гадна 30 орчим төрийн байгууллагын системийг хянан, өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцдаг. 2020 оноос эхлэн мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог сайжруулж олон улсын аудитын байгууллагаар 2 жил шалгуулсны эцэст 2021 онд сертификатаа авсан.
Учир нь сүүлийн жилүүдэд ажилтнууд нь азтан болдог гэх хардлага их явсан. Тиймээс АТГ, цагдаа, тагнуулын албатай хамтран шалгалт хийж, хэн сугалаа хожиж байгаа талаар хянаж, шалгуулсан. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын системийн инженерүүд өөрсдөө сугалаанд хожоод байна уу гэсэн олон нийтийн хардлагад хариулт өгөхийг зорьсон.
- Ирэх сараас тохирлыг телевизээр биш аппликэйшнээр дамжуулна. Одоогоор туршилт явагдаж байна. Иргэд тохирол хэзээ явагдсан юм бэ, яагаад азтан болсонгүй вэ гэх асуултыг тавьдаг. Тиймээс тохирлоо шууд явуулж, азтан болсон даруйдаа баталгаажуулалтаа хийчихвэл мөнгөө хурдан хугацаанд авах боломжийг нь бүрдүүлж байна.

Нэг нэгээр нь бичүүлмээр юм байна
Сүүлд 4р сад 30к азтан болсон,мөнгийг өгөөгүй ээ
Олон баримт уншуулах хэрэгтэй юм байна. Авах юмаа хэд тасалж бичүүлж байхаас даа