БНХАУ-ын сонирхол ба своп хэлцэл 

Economist Intelligence Unit” /EIU/-ийн судлаачид Азийн хөгжиж буй орнууд тэр дундаа Монгол Улсыг зээлийн өртөг, инфляц нэмэгдэж, эдийн засгийн хямрал нүүрлэснээр ирэх дөрвөн жилд дефолт болох хамгийн өндөр эрсдэлтэй гэж үзсэн талаар өмнөх нийтлэлдээ дэлгэрэнгүй дурдсан. Учир нь манай улс жил дунджаар 2,4 тэрбум ам.долларын эргэн төлөлт, өрийн зохицуулалт хийж буй. Ирэх 4 жил онцолбол 2023-2026 онуудад сүүлийн 32 жилийн хугацаанд байгаагүй гадаад өрийн өндөр дарамттай он жилүүд байхыг дотоодын төдийгүй гадаадын эдийн засагчид анхааруулж байгаа юм. 

Эрсдэлээс гарахын тулд хамгийн түрүүнд тулсан өрнүүдээ төлөх ёстой. Энэ жил Чингис бондын үлдэгдэл болох 134 сая ам.долларыг төсвөөс төлөх хуваарьтай. Харин ирэх жил "Гэрэгэ" бондын 540 сая ам.доллар, Хөгжлийн банкны Засгийн газраар баталгаа гаргуулж авсан "Самурай" бондын 730 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг төлөх үүрэгтэй. Үүнээс "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулахаар төлөвлөсөн гэх.  Эдгээр төлөлтүүдийг Хөгжлийн банкны эргэн төлөлтийг сайжруулснаар төлөх боломжтой талаар Сангийн сайд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл бид дотроо менежментээ зөв зохион байгуулж чадвал төлөлтүүдээ хийчихнэ. Харин гаднаас нөлөөлж буй өрөө яах вэ. Нэн ялангуяа хэд хэдэн удаа царай алдаж байж хойшлуулсан, дахин сунгахаар хэлэлцээ хийсэн ч бүх зүйл нь бүрхэг тэнгэр мэт байгаа өрөө яах вэ. 

Хэрэв бид ирэх онд төлөх БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэлээ сунгахгүй бол дефолт болох эрсдэл улам л лавширна...

СВОП ХЭЛЦЭЛ ГЭЖ ЮУ ВЭ: Своп хэлцэл гэдэг нь тухайн өдрийн ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/ арилжааны 2 хэлцлийг хэлнэ. /Монголбанк/

ЗОРИЛГО: Ханшийн эрсдэлээс хамгаалах, богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх.  

Монголбанкны хувьд Хятадын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэл: 

2010 он: Монгол Улс, Монголбанкны хувьд Хятадын Ардын банктай байгуулсан 10 тэрбум юанийн своп хэлцэл байгуулсан. 

2014 он: Монгол улс нэмж 5 тэрбум юаниар байгуулан 3 жилээр сунгав.

2017 он: Хятадын Ардын банктай байгуулсан 10 тэрбум юанийн своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгасан.

2020 он: БНХАУ дахин 3 жилээр сунгасан. 

2023 он...!

Своп хэлцлийн учрыг нь олно гэдэг тухайн Засгийн газар, салбарын сайд, улстөрчдийн шандасыг сорьдог нэг том хэмжүүр гэлтэй. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид свопын асуудлыг өөр өөрийн аргаар шийдэж иржээ. Учир нь Монголбанк, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцэл хоёр улс хоорондын эдийн засгийн харилцаа гэхээсээ илүү улстөрийн тоглоомын томоохон талбар болж ирсэн юм. Тоглоомын дүрэм нь их энгийн. Эдийн засаг нь 15 их наяд ам.доллароор хэмжигддэг БНХАУ-ын хувьд 2 тэрбум ам.доллар бол асар жижигхэн зээл. Гэвч тэд хэлцлийг сунгах болгондоо луу унждаг талтай. Тиймээс Монголын тал нэг бол төлбөрийг нь барагдуулна, үгүй бол сунгана. Валютын нөөц 3 тэрбум ам.доллараар хэмжигдэж, инфляц өсөж, эдийн засгийн хямралын шинж тэмдэгүүд илэрч байгаа энэ үед манай улс своп-ыг төлж дийлэхгүй. Тиймээс сунгах яриа өрнөх нь лавтай. Харин яаж вэ гэдэг л хамгийн том асуулт болоод байна.


Своп хэлцэл ХЭРХЭН СУНГАГДАЖ БАЙВ: 


2016 он: Далай ламыг Монгол айлчилна гэх мэдээлэлтэй зэрэгцэн БНХАУ-ын зүгээс Далай ламыг хүлээж авахгүй байхыг манай талд нэг бус удаа анхааруулж байжээ. Гэвч манай улс тус анхааруулгыг үл тоон, эх орондоо хүлээн авснаар сүүлд томоохон асуудал дэгдэж, Монгол-Хятадын харилцаад сэв суух хүртэл хүндэрсэн талтай. Хятад-Монголын хилийн томоохон боомт болох Гашуунсухайтын боомтоор хоёр улсын хооронд тээвэрлэж байгаа ашигт малтмалд Хятад улсын талаас шинээр хураамж ногдуулж, хоёр талын бүх уулзалт, хэлэлцээг цуцалсан. Улмаар тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил өөрийн биеэр БНХАУ-д “мэхийж” айлчилж байж асуудлыг эргүүлсэн бөгөөд своп хэлцлийг ч давхар шийдвэрлэсэн. Тэрбээр 2 тэрбум ам.долларын своп хэлцлийг 3 жилээр сунгахаар тохиролцож чадсан билээ. 


2020 он: Своп хэлцлийг сунгахад Ерөнхийлөгч Х.Баттулгын "нүүдэл" ихээхэн чухал нөлөө үзүүлснийг эдийн засагчид одоо ч онцолдог. Тэрбээр БНХАУ-д коронавирус өвчин дэгдэж хөл хорио тогтоосон үед нь айлчилж, улмаар 30 мянган хонь бэлэглэхээр болсон нь дээрх своп хэлцлийг сунгах таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг. Учир нь нөхцөл байдал тийм ч таатай байгаагүй юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 10 дугаар сард төсвөө "бичихдээ" своп хэлцлийн хугацааг сунгана гэж найдан зөвхөн зээлийн хүүг төлөхөөр төсөвлөсөн ч Хятадын тал мөн л сурсан зангаараа гэдийжээ. Улмаар оны өмнөх нь буюу 2019 онд Монголбанкныхан Хятадын талтай төгрөг, юанийн свопоо сунгах асуудлаар яриа хэлэлцээр хийхээр явсан ч Монголын талынхныг хүлээн аваагүй нь байна. Үүний дараа  У.Хүрэлсүх /Ерөнхий сайд/, Г.Занданшатар /УИХ-ын дарга/, Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд/ нар СВОП-ыг сунгахыг хөөцөлдсөн ч Хятадын тал дипломат хэдэн үгээс өөр хариу хэлээгүй аж. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын тал хэлцлийг сунгахгүй нь тодорхой болж, Засгийн газар 2021 онд огт тооцоолоогүй өрөнд унах нь эрсдэлд орсон байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга 30 мянган хонь бэлэглэсний дараа өөрийн нэрийн өмнөөс Ши Жиньпин-д захидал бичиж, хэлцлийг 3 жилээр сунгах санал тавьжээ. Ерөнхийлөгчийн захидлын хариу Ши Жиньпин-ээс ирж, Хятадын Ардын Банк СВОП хэлцлийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатайгаар сунгасан байна.


2023 он: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн өвөл цар тахлыг сөрөн байж, БНХАУ -д айлчлал хийхдээ хэд хэдэн асуудал хөндсөний нэг нь 15 тэрбум юанийн своп хэлцэл. Тэрбээр 12 жилийн "түүхтэй" тѳгрѳг-юанийн своп хэлцэлийн хугацааг 2026 он хүртэл гурван жилээр сунгах асуудлыг хѳндѳж, БНХАУ-ын талаас энэ асуудлыг дэмжиж, хоёр орны тѳв банкууд уулзалт хийн, хэлцлийн гэрээг сунгахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо илэрхийлсэн талаар албан мэдээлэлд дурдагдсан. Гэвч өнгөрсөн сард манай улсад айлчлал хийсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хэлцлийн талаар ганц үг ган хийсэнгүй.

Уг нь түүний энэ айлчлалаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал хийхдээ яригдсан зүйлүүдээс ихэнхийг нь ажил хэрэг болгохоо амласан. Тухайлбал боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын шинэ гарц нээх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох бүтээн байгуулалтын талаар санал солилцож, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг эцэслэн тохирч, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилтыг шийдсэн. Гэвч зургаахан сарын өмнө хэлцлийг хойшлуулахад бэлэн хэмээн мэдэгдэж байсан Хятадын тал бүхэл бүтэн хоёр өдөр айлчлал хийхдээ яагаад энэ талаар дурссангүй вэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй 3 цагийн турш уулзалт хийхдээ энэ талын яриа өрнөөгүй гэхэд итгэхэд бэрх.  

Свопыг сунгах яриа хэлэлцээрийн үед буюу өнгөрсөн 2 дугаар сард манайд ханш харьцангуй тогтвортой байлаа. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш дөнгөж 0.55 төгрөгөөр буюу 0.02 хувиар чангарсан байсан бол өнөөдрийн байдлаар 10 гаруй хувь болтолоо чангараад байна.  Магад дээрх үзүүлэлтүүд нөлөөлснийг үгүйсгэхгүй ч БНХАУ-ын тал энэ удаа хэлцлээ сунгах эсэхээс Монгол Улсын эдийн засаг унах уу, сэхэх үү гэдэг нь хамаарах болчихоод байна. Ц.Мөнх-Оргил сайд айлчлал хийж, Ерөнхийлөгч Х.Баттулга хониор өглөг барьж хойшлуулсан бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ ямар арга хэрэглэх нь сонирхол татсаар... Учир нь БНХАУ сурсан зангаараа тэд хэлцлийг сунгах эхний оролдлогод одоогийн байдлаар "үгүй" гэх хариулт өгчихөөд байна.  


Монголбанкны БАЙР СУУРЬ: БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн гол хэрэгжүүүлэгч байгууллага нь Монголбанк. Тиймээс Монголбанкнаас  Своп хэлцлийн ач холбогдол, эдийн засагт үзүүлэх үр ашиг, Манай улс БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хүрээнд жилд хэдэн төгрөгийн хүү төлдөг болох.   Өнгөрсөн хугацаанд ойролцоогоор хэдэн төгрөг хүүнд нь төлсөн талаар болон БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийн гэрээний гол заалтууд. Өнгөрсөн хугацаанд ойролцоогоор хэдэн төгрөг хүүнд нь төлөөд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар холбогдсон ч дараах байр суурийг илэрхийлсэн юм.


Ашигтай юу, АЛДАГДАЛТАЙ ЮУ: Своп гүйлгээ нь Хятадын Ардын банк болон Монголбанкны хооронд байгуулсан хэлэлцээрт заасан нөхцөл, болзлын дагуу юаныг төгрөгийн эсрэг, төгрөгийг юаны эсрэг худалдан авах үйл ажиллагааг зохицуулдаг зээлийн нэг хэлбэр. Манай улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгэсэн байж болох ч хэлцлийн хатуу гэрээний улмаас манай улс их хэмжээний хохирол амсаад байгаа талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нэг бус удаа ярьж байсныг эргэн санъя. 

2017 он: 

Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 тоот тогтоолоор Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан, нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцэлүүдийн үр дүнд шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ. Уг ажлын хэсгийн шалгалтын дүнгээр Монголбанк своп, порвард хэлцэл байгуулснаар 1,7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн талаар дурдаад одоогийн байдлаар Монголбанк 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байгааг онцолжээ. 

2020 он: 

УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан:

УИХ, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт. /2020.11.29 / 

  • Монголбанк, Хятадын Ардын банктай "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийг байгуулснаар 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1.8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна.  

  • 2012-2016 онд их хэмжээний дээрх мөнгийг хяналтгүйгээр, үр өгөөжгүйгээр зарцуулснаас гадна Монголбанк 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, улсын төсөвт их хэмжээний дарамт авчирсан. Энэ алдагдлын цаана хууль бус олон үйлдэл, үйл ажиллагаа байж болзошгүйг миний зүгээс УИХ-ын ажлын хэсэг ахалж, шалгаж дүгнэж, хуулийн байгууллагуудад шилжүүлсэн. Үүний дагуу хууль, шүүхийн байгууллага дээр мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаа явуулж байна.

  • Хятадын талд төлөх 12 тэрбум юань буюу 5,2 их наяд төгрөгийн зөвхөн хүүнд нь Монголын тал Хятадын талд нийт 4.4 тэрбум юань буюу 660 сая ам.долларыг төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байна.

  •  Своп хэлцлийн гэрээнд Монгол Улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хохиролтой хоёр заалт оруулсан нь Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох нэг үндэслэл болсон бөгөөд уг хоёр заалтыг гэрээнээс хасах арга хэмжээг авахуулсан гэжээ. 

Дээрх мэдээллүүдээс харахад БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн гэрээний нөхцөл болон буруу зарцуулалтаас Монголбанк бол цаашлаад Монгол Улс чамгүй их алдагдал хүлээжээ. 1,7 их наяд төгрөг гэдэг бол Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулахад зарцуулагдахаар тусгагдсан мөнгөн дүн. Бид энэ хэмжээний хөрөнгөөр 5 жилийн дотор дотооддоо хүнсний хангамжаа сайжруулах зорилт тавьсан. Дүйцүүлж бодоход, хүнсний аюулгүй байдлаа хангах хэмжээний хөрөнгийг бид ашиггүй байгуулсан своп, порвард хэлцлийн улмаас алдсан байна. 


Г.Занданшатарын хөндсөн ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ: Хэлцлийн гэрээнд Монгол Улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хохиролтой хоёр заалт оруулсан талаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан онцолсон талаар бид дурдсан. Тэгвэл уг асуудлын талаар өнгөрсөн жил УИХ-ын дарга  Г.Занданшатар хөндөж байжээ. Тодруулбал Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-тай цахим уулзалтын үеэр  Монголбанк Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл”-ийн ерөнхий гэрээний нөхцөлийг өөрчилж, хоёр улсын Засгийн газар хоорондын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл болгон шилжүүлэх талаар ярилцаж байжээ.


Пакистан, Шри Ланка улсын ЗЭЭЛИЙН ИХЭНХ НЬ БНХАУ-ЫНХ: БНХАУ-ын Төв банк хэд хэдэн бүс нутгийн 40 улстай, ойролцоогоор 590 тэрбум ам.долларын своп хэлцэл хийжээ. Энэ төрлийн хэлцэл хийсэн улсууд голчлон хямралын нөхцөл байдалтай үедээ хийсэн байна. Тухайлбал Аргентин улс 2014 онд БНХАУ-тай своп хэлцэл хийж байжээ.  

БНХАУ зээл олгосон улс орнуудын 60 хувь нь өрийн дарамтад байгааг Дэлхийн банк мэдээлж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд БНХАУ хамгийн том өрийн асуудалтай улс болох Пакистан, Шри Ланкад богино болон дунд хугацааны 26 тэрбум ам.долларын зээл олгожээ. 

ОУВС-ийн мэдээллээс харвал Пакистаны гадаад өрийн 27 орчим хувийг БНХАУ-аас авсан зээл бүрдүүлж байна. Үүний ихэнхийг дэд бүтцийн төслүүд эзэлж байгаа бол гадаад өрийн асуудлаар дефольт зарлаад байгаа Шри Ланка улсын хувьд 2018 оны аравдугаар сараас хойш голчлон дунд хугацааны 3.8 тэрбум ам.долларын зээл авчээ. Энэ нь нийт гадаад өрнийнх нь 10 орчим хувийг бүрдүүлж байна.

Пакистан, Шри Ланка улсын зээл нь голчлон БНХАУ-ын Ардын банкны своп хэлцэл болон БНХАУ-ын Хөгжлийн банк зэрэг бусад банкнаас авсан зээл авчээ. 


Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

ДҮГНЭЛТ:  Бараг 100 жилийн өмнө өрөндөө баригдсан монголчууд хятад пүүсийн хар дансыг шатааж, өрөө цайруулдаг байлаа. Хэдийгээр орчин үед ийм муйхар аргаар асуудлыг шийдэх боломжгүй эрт эдүгээгийн аль нэг цагт шийдэх л асуудал. БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцэл ашигаа ч өгсөн, алдагдалаа ч үүрүүлсэн. Монгол Улс Хятадын талд своп хэлцлийн зөвхөн хүүнд нь нийт 747 сая ам.долларыг төлжээ. Аргыг нь олоод хэлцлийг 3,3 жилээр сунгаад явж болно. Гэвч хэлцэл сунгагдах тусам Монгол улсад хохиролтой. Дэлхийн банк болон Олон улсын Валютын сан "Зовлонгийн түргэн, жаргалын удаан" гэдэг үгийг байн байн сануулаад байдаг нь цаанаа учиртай. Гэхдээ бид ухаалаг хөдөлбөл асуудлыг нааштайгаар эргүүлэх боломж бий. Тэр цагт энэ чиглэлээр мэргэшсэн баг, мэргэжилтнүүд тусгайлан ажиллуулж, цаашид үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл тус асуудлыг анхаарч шийдэх нь улам бүр чухал болсоор байна. 

Энэ нийтлэлийг АНУ-ын ОУХА-гийн "Эмэгтэйчүүд залуучуудын улс төр, сонгуулийн оролцоог идэвхижүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшл төвөөс хэрэгжүүлж байгаа “Ментортой сэтгүүлч” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга, дүгнэлт, санал нь сэтгүүлчийн байр суурь бөгөөд АНУ-ын Засгийн газар эсвэл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.