УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД  2023 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Т.ДОРЖХАНД:

- Энгийнээр хэлэхэд, ам.долларын ханш 3500 төгрөг байна, цаашид өснө. Инфляц ч цаашид өснө. Үүнийг шийдэх бодлогын орон зай манайд байхгүй. Харин үүнийг төсвөөрөө  шийдэж, хэмнэлт хийх ёстой. Гэтэл өмнөх жилийн төсөв 18 их наяд байсан, харин энэ жилийн 20,5 их наяд. Төсвийн бодлогоо тэлээд байхаар хэдэн ч удаа мөнгөний бодлогоо нэмээд үр дүн гарахгүй. Харин ч өндөр инфляцтай болж, орлого багатай, дундаж давхрагатай иргэд дарамтанд орно, ядуурна гэсэн үг. 

- Эдийн засагчид энэ удаа төсвөө балансжуулчих, тэг хувийн алдагдалтайгаар хийчих  гэдгийг нэгэн дуугаар хэлж байна. Төсвийн төсөлд энэ жил 1,5 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан. 2010 оноос хойш их хэмжээний шилжих барилгуудыг барьсаар байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв цемент зуурдаг болсон. Одоо цемент ч үгүй болчихоод гаднаас авна гээд татварыг нь тэглэдэг улс хаана ч байхгүй. 

- Улс орон даяар нэг дуусаагүй  барилгууд байна. Үнэ өссөн үед тэдгээр барилгуудыг дуусгах боломжгүй. Тиймээс бүгдийг нь дуудлага худалдаагаар зар. Ийм байдлаар төсвөө тэнцвэржүүл.

- 2023 онд бол их хэмжээний гадаад өр төлөх онцлог жил. Самурай 30 тэрбум иен, БНХАУ-ын своп хэлцэл 2,5 тэрбум ам.доллар, Гэрэгэ бондын 570 сая ам.доллар төлнө. Гэтэл манайд мөнгө байна уу. хэрэв эдгээр өрүүдийг төлж чадахгүй бол дефолт зарлана. Дефолт зарласан тохиолдолд 10 жил болоод ч эдийн засаг сэргэж чаддаггүй. 

- Одоо мөнгөний бодлогоо нэгт тавь. 30 жил төсвийн бодлого 1т явж, тохируулгыг нь мөнгөний бодлого явж ирсэн. Одоо мөнгөний бодлогоо нэгт тавиад, төсвөө бодлогоороо дэмж. 

- Тэтгэвэрт 4 их наяд төгрөг зарцуулж байна. Цагаан сар болохоор л ахмадууддаа хайр зарлаж, тэтгэврийг нь нэмсээр өнөөдөр төсвийнхөө 20 хувийг нь зарцуулахаар болж байна. өөрөөр хэлбэл дампуурал зарлаж байгаа нийгмийн даатгалын сангаа улам л сүйрүүлж байна гэсэн үг. МАН-д эдийн засагчид байдаг бол тэтгэврийн шинэчлэлийг эр зоригтойгоор хийх хэрэгтэй. 

1-т, суурь тэтгэвэр

2-т, хуримтлалын тэтгэвэр

3-т, сайн дурын хөрөнгө оруулалт

- Халамжаас хөдөлмөрт гэдэг үг лоозон хэвээрээ байна, хүүхдийн мөнгөө дор хаяж 20 хувиар буулга. Хүүхдүүд 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авдаг. Тиймээс 16,17 настай хүүхдүүдийг хүүхдийн мөнгөнөөс хас. Орлого өндөртэй,  уул уурхай, ашиглалт малтмал, банкны салбарынхан хүүхдийн мөнгөнөөс татгалз. Өрхийн гишүүдийн сарын орлого 1 сая төгрөгөөс дээш байхад хүүхдийн мөнгөнөөс чөлөөлөх боломжтой. Хүүхдийн мөнгө бол халамж юм.

- Төрийн өмчит компаниуд 6,4 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Тиймээс төрийн өмчийн компаниудын оптек хэлцлүүдийг ил болго. УИХ-ын 76 гишүүн 1,3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2 сар хэлэлцэж байхад, 3-4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг жирийн нэг төрийн өмчит компанийн захирал шийдээд л явж байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. 

- Хувийн сектороо дэмжинэ гэдэг үг дахиад л лоозон болчихлоо. Хойд Солонгос 100 хувь төр нь шийддэг бол араас нь Монгол Улс орлоо. Өнөөдөр бизнес хийж байсан хүн ажлаа хаяад төрийн алба орох нь эрсдэл багатай байна.