Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

Ч.ХҮРЭЛБААТАР:

- Монголын ард түмэн валютын ханш, нөөцөд ихээхэн санаа зовж байна. Энэ асуудлаар Засгийн газар хоёр удаа хуралдсаны эцэст тогтоол гаргаж байна.

- Статистик мэдээллээр экспорт их өндөр байдаг. Гэтэл экспорттой дүйх хэмжээний мөнгө орж ирж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал 1,8 тэрбум ам.долларын нүүрс экспортод гарсан байлаа гэж бодъё. Гэтэл орж ирсэн мөнгө нь 500-600 сая ам.доллар байх жишээний. Зөвхөн нэг компанийн жишээ шүү. Үүнд хэд хэдэн шалтгаан байна.

1. Оптек гэрээ буюу нүүрсээ урьдчилсан зарсан. 

2. Өмнө, өмнөх жилүүдийн нүүрс. 

3. Жишиг үнэ, гэрээний үнэтэй холбоотой гэрээтэй холбоотой үүссэн зөрүү. Тиймээс дээрх асуудлуудыг цэгцлэх тогтоол гарч байна. Тухайлбал, монголын нүүрс ямар үнээр зарагдах ёстой вэ. Хэрэв уурхайн аман дээр зарагдвал 71 ам.доллар, хил үнэ нь 129 ам.доллар.  Ам үнэ, хил үнийн хооронд 58 ам.долларын зөрүү гарч байгаа нь тээвэрлэлтэй холбоотой. 

- Засгийн газрын хуралдаанаар валютын нөөцөө нэмэхийн тулд цаашид нүүрсээ хил үнээр худалдах шийдвэр гарсан. Ингэхдээ нүүрсний гэрээнүүдийг цахимжуулна, бүртгэнэ. Өөрөөр хэлбэл нүүрс уурхайгаас гараад хил гарах хүртэл бүх гэрээг цахимжуулна. Бэлтгэл ажил нь хангагдсан, энэ ондоо багтааж хэрэгжүүлнэ. 

- Нүүрсээ биржээрээ зарах тогтолцоо руу шилжинэ. Биржээр зарагдсан тохиолдолд олон худалдан авагчтай болж, элдэв хардлага үгүй болно. 

- Валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд өмнө хийгдсэн гэрээнүүд дээр уян хатан зохицуулалт хийнэ. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ тогтвортой байх үед Төрийн өмчид аж ахуй нэгжүүдэд валют нэмэгдүүлэх үүрэг өгнө. 

- Сангийн сайд байхдаа хулгайгаар нүүрс гаргадгийг олж мэдсэн. Бүртгэл дээр хоосон машин хилээр гарлаа гэж бүртгэдэг. Урд хилээр нэвтрэх гэж машинууд хэдэн өдөр дугаарладаг билээ. Нүүрсний гэрээгээ бүртгүүлээгүй бол тухайн машиныг хилээр гаргахгүй.  Дэлхийн олон улсад инфляц өндөр хэвээр байгаа тул ямар ч үнээр хамаагүй инфляцыг бууруулах арга хэмжээ авч байна гэв. Манай улсын гадаад валютын албан нөөц 2.8 тэрбум ам.доллар байгаа юм.