ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг цахим хуудсаараа дамжуулан хошин урлагийнхныг шүүмжилсэн нь олныг талцуулж байна. 

Цахимд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын нэгэн иргэн хэл, аялагаар нь ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалсан. 

 

П.Сайнзориг уг бичлэгийг түгээхдээ "Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсоны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар суртачилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 


Ингэхдээ дараах тайлбарыг хийсэн. 

- Хүнийг ярианы хэллэг, хүйсийн чиг баримжаа гэх мэт тодорхой хэмжээнд харагдах байдлаар нь доромжлох үзэгдэл байна. Үүнийг хэвийн үзэгдэл мэтээр хүүхэд залуус, олон нийтэд ойлголт төрүүлэх нь хамгийн буруу гэдгийг л хэлэх гэсэн юм. Урлаг хэлбэрээр илэрхийлэх гэж байгаа бол ёс зүйтэй байж, тайзанд гарсан цагтаа харуулах хэрэгтэй. Олон нийтийн сүлжээнд цацах нь хамгийн буруу. Би хэн нэгэн уран бүтээлчийн нэр төрд халдаж, санаатайгаар доромжлох гээгүй. Тухайлбал, хичээл сургуулийн улирал эхэлсэнтэй холбоотой, хөдөө орон нутгийн оюутан, залуусыг ялгаварлан гадуурхах үзэгдэл бий болдог. Энэ бол яав ч хэвийн үзэгдэл биш. Тиймээс бид хамтдаа нийгмээ өөрчилж, зөв ойлголтыг бий болгохгүй бол хүний сэтгэлзүйд ийм байдлаар халдаж болохгүй гэсэн юм. 

Харин хошин урлагийнхан түүнийг Үндсэн хууль зөрчиж байна, огцор гэх хэмээн эсэргүүцлээ.  


Монгол Улсын Гавьяат жүжигчин  Н.Ариунболд: 

-  Аливаа нэг зүйл хөгжил дэвшлийнхээ хувьд алдаа оноотой байлгүй яах вэ. Яагаад гудамжны хэллэгээр хандаж байна вэ гэдэг нь эмгэнэлтэй байна. Гэмтэй хүн гэлбэлзэж, гэмгүй хүн инээж, жаргаж үздэг урлаг шүү. СУИС төгсөж буй, ирж яваа залуучуудын ирийг мохоосон үгийг төрийн өндөр албан тушаалтнууд хэлж болохгүй. Төр харин ч гадуур байгаа уран бүтээлчидтэйгээ хамтарч, дэмнэж явах байтал амны зоргоороо уран бүтээлчдийг нийтээр нь харлуулж болохгүй 

 Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Онон:  

- Төр ард иргэдээ мэргэжлээр нь доромжилж байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг зөрчиж байна. Тиймээс үгээ бодож хэлж бай. Уучлалт гуй гэж хэлмээр байна. Хошин урлагийн салбарт олон жил ажилласан уран бүтээлчид болон бидний үе, залуу уран бүтээлчдийг төрийн хүмүүс доромжиллоо гэж үзэж байна.