Эдийн засагчид ирэх жилийн өнгийг таатай бус байна гэдгийг эртнээс анхааруулж буй. Тухайлбал Ройтерс агентлаг 242 эдийн засагчийн дунд санал асуулга явуулахад 70 хувь нь ирэх саруудад амьжиргааны өртөг улам нэмэгдэнэ гэж үзжээ. Өөрөөр хэлбэл ирэх оныг дэлхий дахин үнийн өсөлт, өндөр инфляцтай “тулалдаж” эхлүүлэх бөгөөд цаашид ч үргэлжлэх тооцоо гарсан байна. Тэгвэл Монгол улс ирэх онд дээрх хүндрэлүүдэд өртөхөөс гадна гадаад өрийн дарамтад орж, дефольт ч зарлаж мэдэх анхааруулгын тэмдэгтэй байна.
Тодруулбал, ирэх онд манай улс Евро бондын 500 сая ам.доллар, Засгийн газрын баталгаатай 30 тэрбум иен буюу одоогийн ханшаар 713 тэрбум төгрөгийн "Самурай" бондын эргэн төлөлт хийнэ. Эрх баригчид дээрх өрийг Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөр дарна гэх. Гэвч хэтэрхий улайрсаар нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болох вий гэх болгоомжлол байгааг нуух юун. Хэдэн мянган ажлын байр, хэдэн арван стратегийн үйлдвэрүүд хаалгаа барьчихвал эдийн засагт сэхэх боломж гарахгүй л болов уу...
Улстөрчдийн тоглоомын хөзөр болсон Хөгжлийн банкны хэрэг
Хэн нэгэн эрх мэдэлтэн дургүйг нь хүргэсэн нэгнийгээ хууль хяналтынхнаар далайлган торны цаана суулгаж, амыг нь барьдаг тогтолцоо манай улсад жинхэнэ утгаараа нутагшжээ. Үүний хамгийн төгс хувилбарыг улстөрчид Хөгжлийн банкны хэрэг дээр хэрэгжүүлж байна.
Чингис, Самурай бонд буюу Хөгжлийн банкны хэрэг бол яах аргагүй улсаа барьцаалж үйлдсэн эдийн засгийн том гэмт хэрэг. Өнөөдрийн байдлаар АТГ 736 тэрбумын хохиролтой 19 зээлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Зөвхөн эрүүгийн хэрэг гэхэд л 83 яллагдагчтай. Үүнээс гадна Иргэний шүүхэд 31 зээлдэгчид хамаарах 1.2 их наяд төгрөгийн нэхэмжлэл ч бий.
Аливаа хэргийг шийдвэрлэхдээ юуны түрүүнд учирсан хохирлыг нь барагдуулдаг. Харин Хөгжлийн банкны хэрэг дээр манай зарим эрх мэдэлтнүүд хэргийг өөрт ашигтайгаар эргүүлж, дургүйг нь хүргэсэн нэгнийгээ яллаж, дуртай нэгнийхээ хэргийг нууж байгаа нь нууц биш. Хууль хяналтын байгууллагынхныг муу ажилласан гэж хэлэхгүй ч эрх мэдэл, танил талынхаа нөлөөгөөр хэргээс мултарсан, бултсан “цагаан захтнууд” цөөнгүй байгаа нь бодит үнэн билээ.
Угтаа энэ хэргийг ул үндсээр нь шалгая гэвэл Хөгжлийн банкны тухай хуулиас сэжүүрээ авч, хэн санаачилсан, Засгийн газар болоод улсаа батлан даагч болгох саналыг хэн, яагаад оруулсан, цаашлаад зээл олгох зөвшөөрөл хэн олгосон, цаана нь хэн гэдэг улстөрчийн ямар санаархал байсан гэх мэтээр хөврөх учиртай. Харамсалтай нь ихээхэн хэмжээний мөнгөн дүн яригдах энэ хэрэг ийнхүү улстөрчдийн тоглоомны хөзөр болж, ялласан, шийдвэрлэсэн гэх тамга дарж байна. Гэхдээ хэрэг хуучирдаггүй. Хэн нэгнийг хэзээ ч, хэдийд ч яллаж болно.
Өртэй компаниуддаа өөдлөх боломж олгоё
Дэлхий нийтэд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал манайхыг тойрохгүй. Манай улс харин ч илүү өртөж, улсаараа дампуурах бодит эрсдэл нүүрлэснийг дээр дурдсан. Хэдийгээр хөгжлийг санхүүжүүлэх зорилготой банк нь хүү, төлбөрийнхөө хойноос шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хэмжээнд ажиллаад ч бид эрсдэлээ бүрэн хааж түвдэхгүй.
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул хэвлэлд өгсөн ярилцлагадаа чанаргүй зээлийн эргэн төлөлтийн хурд саарсан талаар дурдсан. Орос-Украины асуудал, “Ковид-19” цар тахлаас шалтгаалан ханшийн дарамт аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсгэж байгааг онцолсон.
Зээлдэгчдийн бизнес амжилттай өрнөж байж банкны үйл ажиллагаа хэвийн урагшлах учиртай. Тиймээс энэ хэрэг дээр хэн нэгнийг яллахаа түр хойш тавиад Засгийн газраас бүх зээлдэгчидтэй хэлэлцээрийн ширээний ард дахин суух зайлшгүй шаардлага үүсэж байна. Цаашлаад зээлээ хэзээ хэрхэн барагдуулах талаар хэлэлцэн тохиролцож, төрөөс ажил үйлдвэрлэлийг нь хэвийн явуулахад дэмжлэг үзүүлмээр байна.
Эс тэгвээс Хөгжлийн банкны гэх хэрэг эрх мэдэлтнүүд хэн нэгний хүсэл захиалгаар аж үйлдвэр эрхлэгчид, үндэсний хөрөнгөтнүүдээ устгах, нухчин дарах ажлыг санаатай хийж мэдэхээр дүр зураг ажиглагдаж эхэллээ. Аль ч улс орны тусгаар байдал, төрийн дархлаа нь үндэсний хөрөнгөтнүүд нь байдаг. Тиймээс давтагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, эдийн засаг хүндэрсэн гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, дефольт зарлаж туйлдахдаа хүрэхээс өмнө аж үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ эв зүйгээ олох нь зөв алхам байж мэдэхээр байна.
Учир нь Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт татах талаар зогсоо зайгүй ярьж байна. Яг үнэндээ манай улсад гадны байтугай дотоодын хөрөнгө оруулагчид ч юм хийхээс халширдаг болчихсон. Дотоодынхоо эдийн засаг, бизнес, банк санхүүгийн орчноо сайжруулаагүй үед хэчнээн гадаадаас хөрөнгө оруулагчдыг урин залаад нэмэргүй. Яг л өнөөдрийнх шиг нүүрээ буруулах болно.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!