Монгол улсад бүртгэлтэй ААН хэр нь эрсдэлээ иргэддээ үүрүүлж, татвараа нуун дарагдуулж, гадагшаа ямар ч татваргүйгээр бүтээгдэхүүнээ гаргачихаад ашиггүй хэмээн X тайлан гаргаад суудаг шунаг сэтгэлтнүүд самрын бизнест эзэн суужээ. Ганц ч ажилтангүй мөртлөө гаалийн мэдүүлэг нь 1000, 1000 тонноор хэмжигддэг тэд татвараас чадварлаг зугтдаг.

БОАЖЯ-наас мэдээлж байгаагаар 2021 онд тус яамнаас энэ төрлийн бизнес эрхэлдэг ААН-үүд 13 мянган тонн самар гаргах зөвшөөрөл авчээ. Харин гаалийн мэдүүлэгт 14,4 мянган тонн самар экспорт хэлбэрээр гарсан нь энэ салбарт далд бизнес хөлөө олсны шинж гэлтэй. Самрын бизнес эрхлэгчид 1 кг ястай самрыг нутгийн иргэдээс 10 мянган төгрөгөөр худалд авдаг. Ингэхдээ тухайн орон нутагт нэг кг тутамд ойн нөөц ашигласны төлбөрт 800 төгрөг төлж, цайруулж яснаас нь салгасны дараа экспортод гаргадаг. Энэ салбарт эргэлдэж буй мөнгө өнгөрсөн жил 200 гаруй сая ам.доллароор хэмжигдэж байсан бол энэ жил нэмэгдэж, 360 гаруй сая ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний хөрөнгийг төсөвт төвлөрүүлэх боломж байна. Гол нь энэ салбарыг зохицуулсан зохицуулалт, татварын оновчтой систем бидэнд үгүйлэгдэж байна.

Учир нь дэлхийд хуш модны самар ОХУ болон манай улсад л ургадаг. Дэлхийд жил дунджаар 43 мянган тонн хуш модны самар нийлүүлэгдэж байгаагаас манай улс дангаар 14 мянган тонн самрыг нийлүүлж байна. Гэвч бид самраа дэлхийн дундаж үнээс даруй 10 дахин бага үнээр экспортолж байна.

Тухайлбал манай гол худалдан авагч болох БНХАУ 1 тонн самрыг 25-50 ам.доллароор үнэлж зардаг бол манай улс 6 орчим ам.доллароор худалдаж байх жишээний. Цаашлаад 100 хувийн гарцтай хэрэв үйлдвэр байгуулбал, чөмгөөр нь гоо сайхны бүтээгдэхүүн, тос нь антиоксидант өндөртэй учир олон төрлийн амин дэм хийхээс эхлээд жилд манай улс хамгийн багадаа 500 сая ам.долларыг зөвхөн самрын экспортоос олох боломжтой талаар судлаачид онцолжээ.

Тиймээс БОАЖЯ-наас самрын бизнес эрхлэгчдэд тавих шаардлага өндөрсгөж, одоогоор 15 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна. Эдгээр ААН-үүд нь нэг ч ажилтангүй, самрын экспорт хийсэн хэр нь Х тайлан гаргасан, алдагдалтай ажилласан хэмээн мэдүүлсэн аж ахуй нэгжүүдийг хамруулсан бөгөөд цаашид самрын зөвшөөрөл дээр нэлээн хатуу байр суурь баримтална гэдгийг мэдэгдэж байна.

Өмнө нь тухайн орон нутагт 100 тн самрын зөвшөөрөл өгдөг байсан ч нэмэлтээр 300-400 тн-ын зөвшөөрөл олгочихдог байсан аж. Харин энэ жилээс уг асуудлыг зогсоож, зөвшөөрлийнхөө хэмжээнд хүрсэн тохиолдолд хаах, татварын тодорхой хувийг заавал байгальд нь зарцуулах шаардлагыг тавих аж. Завхан аймагт гэхэд л өнгөрсөн онд Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хуулийн дагуу 2,3 тэрбум төгрөг төвлөрчээ. Үүнээс зөвхөн 112 саяыг нь байгальд зарцуулж, бусдыг нь өөр салбарт зарцуулсан байна.