С.БАЯРЦОГТ Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийж, шалгагдан хаагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт хүлээлгэн өгч байна...


С.БАЯРЦОГТ: 

 - Надад 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн 6 жилийн хугацаанд  шалгасан. Зөвхөн Монголд ч биш энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын холбооны улсад хэрэг үүсгэсэн байсан. 

- Швейцарын холбооны улс эрхзүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Хонконг, Австрали улсын хууль, хүчний байгууллагатай хамтарч хэргийг шалгасан юм билээ. Ингээд 2022 оны зургадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн прокурорын газраас надад тулгаж үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон.

- Мөн Швейцарын холбооны улсаас үүсгэсэн байсан авилга авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн тухай улсын прокурорын тогтоолыг өмгөөлөгчөөр дамжуулан энэ оны наймдугаар сарын 24-нд надад ирүүлсэн.

- Би хаагдсан хэргийнхээ материалд үүнийг нэмж прокурорт хүргүүлье гэж бодож байсан ч сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээлэл цацагдаж эхэлсэн тул өнөөдөр зориуд хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан нийслэлийн прокурорт гардуулж өгч байна.

- Монголын улстөрчдийн дунд олон улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулж байсан хүн байхгүй байх. Манайхан өөрсдөдөө итгэдэггүй. Хонконг, Австрали улс хууль дээдэлдэг тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг улс. Үнэн мөн нь нэг биш дөрвөн улсын хууль хүчний оролцоотойгоор тогтоогдож, цагаадаж байгаад баяртай байна.

- Дэлхий дахинд ковидын дараах эдийн засгийн сэргэлт бий болоогүй байна. Ирэх 2 жил эдийн засаг нэлээд хүндэрнэ. Хойд хөршийн хувьд дайн байлдаан, эдийн засгийн хориг, геополитикийн нэлээд өөрчлөлттэй байгаа энэ үед монголчууд эвтэй байх ёстой. Сахилга хариуцлагатай байж, хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг давж гарах ёстой. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт Монгол Улсын төсөвт, эдийн засагт хамгийн их нөлөөтэй төсөл болсон гэдгийг хүн болгон хүлээн зөвшөөрч байна.   

- Монголын төлөө зүтгэсэн улстөрч болгон хэлмэгдсээр ирсэн. Хувь хүн хэлмэгдэж болно. Монголын заяа төөрч болохгүй. Хэн нэгэн хүнийг буруутгах, би хэлмэгдчихлээ гэж өрөвдүүлэх сонирхол алга. 

- Яг одоо Монгол Улсын хувьд үүлэн чөлөөний нар шиг боломж гарч байна. Монгол улсад 1989-1990 онд тусгаар тогтнох боломж гарсан. 2009 онд монголчууд хэнээс асуухгүйгээр хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээгээ хийж чадсан. Яг одоо бидэнд  геополитикийн өөрчлөлттэй энэ үед эдийн засгаа сэргээх боломж гарч байна.