Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал Н.Мандуултай "Өдрийн сонин" -ы сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ ярилцжээ. Түүний ярилцлагаас товчлон хүргэж байна.


Гадаад өр төлбөр дээр санаа зовох зүйлгүй 

- Намайг анх ажлаа хүлээж авахад үндсэндээ энэ банк дампуурчихсан байсан. Зээлийн 57 орчим хувь нь найдваргүй зээл болчихсон байсан. Бид энэ ондоо нэг их наядын төлбөрөө хийчих юм бол ирэх оноос хэвийн ажиллах боломж нөхцөл нь бүрдэнэ.

- Хөгжлийн банк 2023 онд 750 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт хийнэ. “Самурай” бондын 30 тэрбум йенийн эргэн төлөлтийг бүрэн төвлөрүүлчихсэн. Бид хугацаа нь болохоор эргэн төлөлтөө хийнэ. 500 сая ам.долларын Евро бондын эргэн төлөлтийн хагасыг нь төлөөд, хагасыг нь дахин санхүүжүүлнэ. Гадаад өр төлбөр дээр санаа зовох зүйлгүй гэсэн үг.

- Хөгжлийн банк шинэ сэргэлтийн бодлогыг санхүүжүүлж явах ёстой байтал маш их хэмжээний зээл гаргаж, үүний ихэнх нь чанаргүй зээл болж хувираад одоо нэг өр барагдуулах алба шиг л ажиллаж байна. Ингэхээс ч өөр аргагүй байна. 


Бэрэн огт ажилладаггүй үйлдвэрээ өрөндөө өгье гэх санал тавьсан 

- “Хөтөл” ХХК огт эргэн төлөлт хийгээгүй. Тиймээс АТГ-т хэрэг нээгдчихсэн явж байна. 

- “Эрэл” ХХК-ийн хувьд нийт зээлийн үлдэгдэл нь 180 тэрбум төгрөгт хүрсэн. “Эрэл” ХХК-ийн зүгээс байшин үйлдвэрлэх комбинат барьчихсан гэдэг. Тэр үйлдвэр нь ажилладаггүй. Ажилладаг байсан бол төслийнхөө орлогоос эргэн төлөөд явах ёстой биз дээ. Гэтэл “Эрэл” ХХК улс надад ажил өгөхгүй байна гэж яриад яваад байдаг.

-  “Бэрэн групп” ХХК манайхаас хоёр зээлтэй байдаг. Нэг нь, Гангийн үйлдвэр барихаар авсан зээл, нөгөө нь Хангай хотхоныг барих гэж авсан зээл. Энэ хоёр зээл нийлээд 180 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл мөн л Гангийн үйлдвэр нь ажилладаггүй.  Тэд ажилладаггүй үйлдвэрээ өрөндөө өгье гэх санал тавьсан. Тухайн үйлдвэрт хөндлөнгийн дүгнэлт гаргуулсан. Үүнд зарим процессын хувьд дутуу байна гэх дүгнэлт гарсан.

- "Шинэ Яармаг"-ийн асуудал нэлээд түвэгтэй байна. Манай зээлүүд дандаа улс төртэй холбогддог болохоор бизнесийн утгаар ажлаа явуулах гэхээр болдоггүй. Бидний зүгээс төлбөрөө төл гэх л шаардлага тавьдаг. 


Иргэдийг ч тэр, банкийг ч тэр хохироосон, санаатайгаар хийсэн залилангийн хэрэг гэж харж байна

- Чингис хаан банкинд 2019 онд манайх хадгаламж байршуулаад түүнийгээ одоо хүртэл олж авч чадахгүй байна. Тухайн үедээ Чингис хаан банкнаас 44 үл хөдлөхийг барьцаалсан байдаг. Үүн дотор ихэнх нь орон сууц барьцаалчихсан байсан. Бид барьцааны зүйлсээ шалгаж үзэхэд барьцаандаа авсан үл хөдлөхийн талаас илүүг нь иргэдэд зарж борлуулчихсан байсан. Жишээлбэл, Хан хилс хотхонд 22 байр байдаг. Үүний долоон орон сууцанд иргэдийг оруулчихсан. Тэгсэн мөртлөө энэ байрууд нь манай барьцаанд байдаг. Худалдаж аваад орсон иргэд нь байрны гэрчилгээгүй. Тэдгээр хүмүүс байрны төлбөрөө Чингис хаан банкинд төлчихсөн гэх жишээтэй.

- Баянзүрх дүүрэгт Өгөөмөр хотхон гээд байна. 2018 онд тус компани 45 айлын орон сууц барина хэмээн манайхаас зээл авсан байдаг.Тэр байр нь мөн манай өмчлөлд шилжээд ирчихсэн. Гэтэл одоо 45 айл тэнд амьдарч байна. Оршин суугчид нь компанид нь мөнгөө төлчихсөн гэдэг. Банкинд ямар ч мөнгө орж ирээгүй. Тэгэхээр иргэд ч, банк ч хохирчихсон. Бидний зүгээс иргэдийг хохироохгүйгээр шийдэх гээд Эрүүгийн цагдаагийн газар тухайн компанийг өгчихсөн байна. Иргэдийг ч тэр, банкийг ч тэр хохироосон, санаатайгаар хийсэн залилангийн хэрэг гэж харж байна. 

- Хүн насан туршдаа байр орон сууцыг цөөн удаа авдаг. Гэтэл барьцаанд байгаа байрыг борлуулж ашиг хонжоо хайсан компанийн хохирогч нь орон сууц худалдан авсан иргэд болоод үлдэх эрсдэл дээрхийн адил хэргүүд дээр үүсээд байна.


Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс анхнаасаа зээлээ төлөхгүй гэсэн бодолтой байсан... 

- Хөгжлийн банкны зээл олголтыг харахаар энгийн нэг банк нэг компанид зээл өгөөд зээлийн гэрээ байгуулчих асуудал биш. Анхнаасаа Хөгжлийн банкнаас таньдаг хүнээрээ ч юм уу зээл авахуулаад зээлээ төлөхгүй гэсэн бодолтой байсан юм шиг санагддаг.

- Бид асуудал үүсээд иргэний шүүхэд хандахаар хууль шүүхийн процесс нь удааширдаг. Үүнийг ашигладаг бүтэн сүлжээ байдаг юм байна. 24 удаа хойшилсон жишээ ч байна. Бид шууд очоод барьцааны эд зүйлээ авч чадахгүй. Заавал шүүхийн шийдвэртэй байх ёстой.

- Жишээ нь, “Монлаа” ХХК-тай олон жил шүүхдэлцэж арай гэж 2019 оны есдүгээр сарын 18-нд шүүхийн шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шилжүүлсэн. Одоо болтол хөрөнгийн үнэлгээ дээр маргаантай гээд юу ч авч чадахгүй сууж байна. Угтаа барьцаа хөрөнгийг нь зарж борлуулаад мөнгөө авах ёстой байтал шүү дээ. Ингээд харахаар манай хууль шүүхийн системийг ашиглаад сурчихсан мэргэжлийн гаршчихсан луйварчид байдаг юм байна л гэж харж байгаа. Энэ мэт зүйлд төр төмөр нүүрээ үзүүлэх л ёстой.


Хөгжлийн банкны 1.8 их наядын чанаргүй зээлийн 75 хувь нь 2011 оны хуулийн үед гарсан

 - 2011 онд Хөгжлийн банкны тухай хуульд зөвхөн Засгийн газар, Их хурлын шийдвэртэй төслүүдийг санхүүжүүлнэ гэж заасан. Ингээд Засгийн газрын тогтоолоор “Эрэл”, “Бэрэн” компаниудад зээл олгосон байдаг. Хөгжлийн банкнаас нийтдээ 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг тогтоосон. Үүний 75 хувь нь 2011 оны хуулийн үед гарсан зээл. 

- 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулиа өөрчлөөд Засгийн газар, УИХ-ын шийдвэргүйгээр Хөгжлийн банкны ТУЗ болон Хөгжлийн банк нь зээлээ хэнд өгөхөө шийддэг болсон. Би хувьдаа 2017 оны хуулийг зөв гэж боддог. Хэрвээ УИХ, Засгийн газар шийддэг байх юм бол Хөгжлийн банк гэж байхаар төсвөөсөө үүнийг шийддэг байх хэрэгтэй.

- Хамгийн гол нь арилжааны банк буюу хувийн хэвшил өөрсдөө хийж болох байсан төслүүд рүү яагаад Хөгжлийн банк орсон бэ. Би үүнийг анхнаас нь эсэргүүцсэн. Арилжааны банк барилга байгууллагыг санхүүжүүлээд зээлийг нь өгөөд явж байгаа. Гэтэл Хөгжлийн банк мөн л ийм зээл өгөөд явчихсан.

- Бид угтаа томоохон төслүүдэд л хөрөнгө оруулах ёстой. Энэ бүхнийг би удирдлагын алдаа л гэж хардаг. 

- Бид банкаа үйл ажиллагааг нь хэвийн болгоод цааш явахдаа зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан улс орны хөгжлийн төслүүд рүү л хөрөнгө оруулна. Хэн нэгэн төсөл цүнхэлж ирээд зээл авах боломжгүй.