Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар өчигдөр тус улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгчид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар бараалхсан бол БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнд 19 зүйл бүхий Хамтарсан мэдэгдэл гаргажээ. 


- Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдлийн агуулгыг товчлон хүргэж байна. 
Өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв

- Ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, 

 - Харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээх,

 - Нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих, 

 - Хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёр орны иргэд эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах,

 - ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулах,

- Хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэх,

 - Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх,

  - Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх,

  - БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэх,

 - “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хятадын тал идэвхтэй судлан, цаашид хоёр улсын хооронд оюутан солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Төрийн тэргүүн нар санал нэгдэв


 - Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж буйд санал нэгдэв.

 - Цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй ч 2022 онд төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын удирдлага нарын түвшинд биечлэн уулзсан нь Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинг илэрхийлж буйг талууд санал нэгтэй тэмдэглэв. 

 - Орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллахаар санал нэгдэв. 

- Талууд дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний салбарыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэв. 

 - Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай явагдаж, хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.