Судлаач Б.Дашравдангийн "Монгол – Хятадын эдийн засаг, худалдааны хэтийн төлөв"  нийтлэлийг цувралаар хүргэж байна. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жинпиний урилгаар тус улсад төрийн албан ёсны айлчлал хийж, хоёр тал хамтын ажиллагааны 16 баримт бичигт гарын үсэг зурж, төгсгөлд нь айлчлалын үр дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа. Миний бие энэхүү нийтлэлд дурьдах айлчлалын үеэр гарын үсэг зурсан баримт бичиг, хамтын мэдэгдлийг Монгол Улсын төрийн өмчит үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг, Хятадын Ардын өдрийн сонин, Өмнөд хятадын өдрийн сонины эх сурвалжаас авч ашигласан бөгөөд Монгол, Хятад хэл дээрх мэдээллийг тулган, ерөнхийлөгчийн айлчлалын ач холбогдол, ололт, хөндөөгүй боломжуудын талаар судлаачийн хувийн байр сууриа илэрхийлэхийг чармайсан болно. 

Монгол Улсын Хятад руу хийх экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг


НҮБ-ын COMTRADE мэдээллийн сангаас харахад 2021 онд Монгол Улс Хятад руу нийт 7.63 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсны 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлснийг дэлгэрүүлбэл 4 тэрбум 240 сая ам.долларын хүдэр, Дорнодын сав газраас болон бусад эх үүсвэрээс 2 тэрбум 760 сая ам.долларын боловсруулаагүй нефть, шатамхай түүхий эд, 282.29 сая ам.долларын ноос, ноолуур, арьс шир, үслэг эдлэл, 98.18 сая ам.долларын хүхэр, шохойн чулуу, 88.74 сая ам.долларын зэс, зэсийн баяжмал багтжээ. Монголчууд 2021 онд эсрэгээрээ Хятадаас 2.23 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний импортолсны дотор 494.49 сая ам.долларын тээврийн хэрэгсэл, 328.19 сая ам.долларын уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын сэлбэг хэрэгсэл, 200.75 сая ам.долларын шатах тослох материал, 193.82 сая ам.долларын төмөр, гангаар хийсэн бэлдэц, 160.46 сая ам.долларын цахилгаан бараа, электрон төхөөрөмж гол жинг даржээ. Өнгөрөгч онд хоёр орны худалдааны эргэлт 10.1 тэрбум долларт хүрсэн. Манай улсын экспортын 89%, импортын 26%-ийг Хятад улс дангаар бүрдүүлж дээрх хоёр үзүүлэлтээр нэгдүгээрт жагсчээ.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцжээ. Монголын талаас 2019 онд хамгийн их буюу 36 сая тонн нүүрс экпортолж байсан бол энэ тоог жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжив. Хэдийгээр манай улсын гадаад худалдаа, экспорт, импортын бүтцийг харахад дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлж, өмнөд хөршөөс хэт хамааралтай байгаа нь үнэн боловч одоогоор уул уурхайн түүхий эд, тэр дундаа нүүрсний экспортоо нэмэгдүүлж валютын нөөцөө нэмэгдүүлэхээс өөр сонголт үгүй байна.

Манай улс Хятад улсад нүүрс экспортлохдоо тухайлсан 2-3 мужийн нүүрсний импортын 50-иас дээш хувийг нийлүүлэх тодорхой санал тавих шаардлагатай.

Хятад улс жилдээ 4.3 тэрбум тонн нүүрс хэрэглэдгээс 3.7 тэрбум тонныг дотоодоосоо хангаж, үлдсэн 611 сая тонныг гадаадаас импортолдог. 2022 оны 11-р сарын байдлаар Монгол Улс 24.4 сая тонн нүүрс Хятад руу экспортлоод байна. 

Манай нүүрс ӨвөрМонголын Баянннуур, Бугат, Үхай хот, Хэбэй, Шаньси, Ганьсу, Ниншиа муж хүрдэг. Эдгээрийн дотроос зөвхөн Ниншиа мужийг жишээлэн дурьдахад 2022 оны эхний 10 сарын байдлаар тус мужийн ДНБ 5.3 хувиар өсч  улсдаа нэгдүгээрт орсон бол 2010 – 2020 оны хооронд ДНБ нь 139 хувиар өсөөд буй. Ниншиа бол Хятадын төмөр-цахиур, цахиур-манган, кальци-цахиур зэрэг хайлш, төмөр, металл үйлдвэрлэлийн гол төвүүдийн нэг юм. Тухайн муж жилд 6.3 сая тонн цахиур-манган үйлдвэрлэдэг нь улсынхаа 20 хувь, 1.8-1.9 сая тонн төмөр - цахиур боловсруулдаг нь Хятадын нийт үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг эзэлдэг. Ниншиагийн кальци-цахиур үйлдвэрлэх хүчин чадал жилдээ 60,000 тонн буюу үндэсний үйлдвэрлэлийнх нь 37 орчим хувь болдог. Хятадын хамгийн том манганы ширхэгийн үйлдвэрлэгч болох Ниншиа мужийн Тианюань хот нь жилд 800 мянган тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг нь өмнөд хөршийн нийт үйлдвэрлэлийн 40-50 хувийг эзэлдэг. 

Эдгээр төмөр хайлш, металлыг үйлдвэрлэх нь эрчим хүчнээс ихээхэн хамааралтай. Хятадад 1 тонн төмөр - цахиур үйлдвэрлэхэд 7,800-8,800 кВт/цаг цахилгаан шаардагддаг бол кальци-цахиурын хувьд 11,000-12,000 кВт.ц , 1 тонн манганы ширхэгийн гаралтад ойролцоогоор 7000 кВт цаг эрчим хүч зарцуулдаг. Энэ бүхнээс үзэхэд Ниншиа мужийн нүүрсний хэрэглээ ямар аварга том болох нь анзаарагдана. Ниншиа муж жилд 97 сая гаруй тонн нүүрс олборлож, мөн хэмжээний нүүрсийг Шинжаан муж, Монгол Улс, Индонез, Австрали, ОХУ, Канад улсаас импортолдог тооцоо бий. Яг үнэндээ манай улсын экспортлохыг хүсч буй дээд хэмжээ болох жилийн 70 сая тонн нүүрсийг ганц Ниншиа муж худалдан авах боломжтой.

“Монгол – Ниншиагийн нүүрсний худалдааны цахим платформ”-ын нээлтийн үйл ажиллагааг МҮХАҮТ, Монголд бизнес эрхлэгч Хятад иргэдийн Зунхуа нийгэмлэг, Ниншиа муж хамтран өнгөрөгч 7-р сард зохион байгуулахад миний бие оролцсон билээ. Дээрх арга хэмжээний үеэр үг хэлсэн Ниншиа мужийн удирдлага, бизнес эрхлэгчид бүгд Монголоос нүүрс импортлох нүүрсний хэмжээгээ өсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

Монголчууд бид Хятад улстай худалдаа хийхийг хүсч байвал соёлыг нь маш сайн ойлгох хэрэгтэй. Хятадууд тодорхой зорилго тавьдаг хүмүүс. Тэрхүү зорилгоо тоогоор илэрхийлдэг. Хэрэгжүүлэх он сар, газар орноо нарийн тооцдог. Асуудлыг олон талаас нь нягталдаг ч харилцагчийнхаа шийдэмгий зан төрхийг хүндэлдэг хүмүүс. Хань үндэстний шүтээн Гуан Юй гэхэд чигч яриатай, асуудлыг газар дээр нь шийддэг баатар эрийн дүртэй. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ниншиа, ӨвөрМонгол, Хэбэй, Ганьсу, Шаньси мужийн нүүрсний импортын тодорхой хувийг нийлүүлье гэдгээ шулуухан тоогоор илэрхийлсэн бол Хятадын тал манай удирдагчийн саналыг хүндэтгэн үзэх байв. Ши Жинпин даргын намтрыг уншиж, Их 20-ын уулзалтын үеэр Канадын ерөнхий сайд Жастин Трудотой ярилцаж буй байдал, бусад үед олон улсын төрийн тэргүүн нартай харилцаж буйг анзаарахад харилцагчийнхаа эрс шулуун зан, өөртөө итгэлтэй байдал, чинхүү хүсэл зоригийг хүндэлдэг төрийн зүтгэлтэн шиг санагдсан. Төрийн тэргүүн бол төрийн л тэргүүн. Өнөөдөр Монгол Улсын хувьд ганцхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх л Хятадын даргатай ижил түвшинд ярилцах боломжтой. Цаашдаа манай төр, засгийн тэргүүн нар эдийн засаг, худалдааны талаар Хятадын албаны хүмүүстэй харилцахдаа тооцоо судалгаа сайтай, тодорхой санал дэвшүүлбэл зүйтэй. Манай талын тавьсан 40-70 сая тонн нүүрс экспортлох санал дээр ямар ч тодорхой зүйл алга. Бүхэл бүтэн 30 сая тонны хэлбэлзэлтэй санал дэвшүүлнэ гэдэг чинь Хятадын дарга нар, судлаачдын нүдэнд Монгол Улс өөртөө итгэлгүй байгаагаа л харуулсан хэрэг.

Уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хэлцэл хийсэнгүй

Хятадын төрийн зөвлөлийн гаалийн тарифын комиссоос 11-р сард мэдээлснээр 2022 оны 12-р сарын 1-ээс эхлэн "Хөгжил буурай 10 орноос Хятад руу экспортлох бараанд 98%-ийн татварын хөнгөлөлт үзүүлэх” болсон. Эдгээр 10 улс нь Афганистан, Бенин, Буркина Фасо, Гвиней-Бисау, Лесото, Малави, Танзани, Уганда, Замби, Сан-Томе ба Принсипи улсууд байв. Эдгээр улсуудын дийлэнхээс манай улс хөгжлийн түвшин өндөр байж болох ч 40.43 тэрбум долларын ДНБ-тэй Уганда, 67.78 тэрбум долларын ДНБ-тай Танзани, 21.2 тэрбум долларын ДНБ-тэй Замби зэрэг улсууд багтсан нь анхаарал татна.
Монгол Улсын Хятад руу хийж буй уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ Уганда, Замби, Танзани улсуудаас өмнөд хөрш рүү экспортолж буй ижил ангиллын барааны экспортоос бага байгаа. 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын гадаад худалдааны салбар бусад салбарын, тэртусмаа гадаад харилцаа, дипломат албаны хавсарга байдлаар явж ирсэн. Гадаад худалдааны салбар нь мэргэжилтнүүдээсээ онолын мэдлэг, худалдааны практик дадлага туршлага, нарийн тооцоо, үл нэрэлхэх хандлага, мэтгэлцэх чадварыг шаарддаг салбар. Хар үгээр хэлбэл худалдаачин хүн харилцагчаасаа ижил үнэ, ижил нөхцөл шаардаж, ач тусыг эрхэмлэж, ашгийг чухалчилдаг онцлогтой. Хятадын Жөжянь мужийн Үйлдвэр, Худалдааны их сургуульд, Хятад багшаар худалдааны онол заалгаж, олон улсын гадаад худалдааны бодит жишээ тоочуулан хэлүүлсний хувьд манай улс дээрх 10 улстай барьцах хэрэгтэй гэж бодож байна. Хятадын тал тэдгээр улсыг Монголтой харьцуулахын аргагүй хөгжил дорой, Хятадтай хийж буй худалдааны эргэлт бага гэж тайлбарлаж болох ч манай дэвшүүлсэн асуудлыг мартахгүй. Манайх зөвхөн танай улсын түүхий эдийн бааз баймааргүй байна. Уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнээ танай зах зээлд гаргамаар байна хэмээн Монголчууд албаны шугамаар Хятадын талд байнга гомдоллож, шахаж, шатар нүүж, ухаанаа уралдуулж байх учиртай. Бид хэлэхгүй бол тэд тоохгүй, бид хөдлөхгүй бол тэд анхаарахгүй, бид гаргахгүй бол тэд авахгүй.

Хятад бол дэлхийн хамгийн том цахим худалдааны зах зээл. Хятадын хил дамнасан цахим худалдааны зах зээл дээр 2022 оны эцсийн дүнгээр 300 гаруй тэрбум ам.доллар эргэлдэж байгаа гэсэн тоо байна. Хил дамнасан цахим худалдааны зах зээлийн онцлог нь нэмүү өртөг шингэсэн, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн зардагт бий. Одоогоор Хятад улс хил дамнасан цахим худалдааны 132 туршилтын бүс нээгээд байгаа ба ирэх онд зөвхөн Хайнаньд 52-ыг шинээр нээхээр төлөвлөж байна. Монгол Улсын хувьд Говь компаний ноолууран хувцас, АПУ ХХК-ийн зарим нэр төрлийн цагаан архийг эс тооцвол энэхүү том зах зээлд гарсан бараа бүтээгдэхүүн алга. Гэтэл Афганистаны нэрийн хивс, уламжлалт эмийн бүтээгдэхүүн, хагас үнэт чулуун эдлэл, Замбийн тамхи, хувцас, алчуур, Лесотогийн адууны ноосон хөнжил, Угандагийн цай, кофе, оливын тос, Танзаний гэрэл зургийн аппарат, гахайн өөх, жимсний шүүс Таобао, Ти-Молл, Випком зэрэг цахим худалдааны пламтформууд дээр өндөр эрэлттэй байна. Анхаарах яам тамга, анзаарах мэргэжилтэнгүй Монголын худалдааны салбарын хоцрогдлоос шалтгаалж, Монгол – Хятадын төрийн албан ёсны харилцан айлчлал бүр дээр хэлэлцэх сэдвийн жагсаалтад ордоггүй Монгол улсаас Хятад руу гаргах уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын асуудал энэ удаад ч мөн уламжлал ёсоор хөндөгдсөнгүй.

Үргэлжлэл бий: