С.ШААРИЙБУУ: 17 ЖИЛИЙН ХУГАЦААНД МАЛАЙЗРУУ 12 УДАА ЯВЖ 300 ГАРУЙ ӨРГӨДӨЛ ГОМДОЛ БИЧЖЭЭ...

С.ШААРИЙБУУ: 

-  Охиноо эрсдсэнээс хойш эцэг би Азийн бар гэгдэх Малайзын улсуудтай нүүр тулсан. Ардчилсан, хүмүүнлэг, шударга улс гэж анхандаа итгэж очсон. Бодит байдал дээр бохир асуудалтай тулгарсан.

- Энэ хэрэг бараг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жил хэргийг шийдэх гэж бүтэлгүй талдаа, боломж хомс явлаа. Аймшигт аллагыг үйлдсэн офицерүүд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага керминал хийж, бэлэн болгосон ч тэд “Бид Багиндад туслахаар мөнгөөр тохирч хийсэн” гэх утгатай мэдүүлэг өгдөг байсан. 12 жил ийм өнцгөөс яригддаг байлаа. Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэж, тэд Малайзын төрийн, бүхнийг мэддэг хүний тушаалаар үүргээ биелүүлсэн гэж мэдүүлдэг болсон. 

- Нэг талд эрх мэдэлтэй, мөнгөтэй Малайзын Шадар сайд байсан Разак Нажиб, улс төрийн зөвлөх Разак Багинда хүмүүс зогсдог. Нөгөө талд хохирогч би ганцаараа зүтгэсэн. Хэргийг эртнээс төлөвлөж, зохион байгуулалттай, зорилготой хийсэн. 

- Манайх ЗХУ-д олон жил амьдарсан, миний охин орос хэлийг цэцэрлэгээсээ сурсан. Англи хэлийг багаасаа үзсэн. Хятадад дөрвөн жил сурч, хятад хэл сурсан. Хоёр хүүтэй, бага хүү нь хөгжлийн бэрхшээлтэй. Ухаан санаа нь зүгээр, гар хөл нь ажилладаггүй. Монгол, гадаадад олон удаа эмчлүүлж, хөдөлж чаддаггүй байсан хүүхэд хана түшээд явдаг болсон. Хүүгээ гүйдэг харайдаг болгохын төлөө зорьж явсан. Би түүнд тусалж чадаагүй, жирийн багш надад боломж байгаагүй. 

- Гэвч Малайзад баривчлагдсан. Өмгөөлөгчидтэй тохирсон хийсэн ажлынхаа хөлсийг хуулийн дагуу авах л гэсэн. Баригдахынхаа урд өдөр тэндэхийн цагдаагийн газар өөрөө очиж, мэдүүлэг өгсөн байдаг. “Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна, хэрвээ ямар нэг асуудал гарвал Разак Багинда гэдэг хүнтэй холбоотой” гэж өөрөө бичиж өгсөн байдаг. 

- Миний охинд буцаад гарах зам байгаагүй. Энэ замаар маш олон монголчууд Малайз улсад хэлмэгдсэн. Орсон гэх мэдээллийг устгачихдаг. Дараа нь тэдгээр хүмүүсийг дарамталдаг. Нэлээн олон хүмүүс амиа алдсан. Нэг охин машин дотор маш олон удаа буудуулсан. Зарим нь намайг авраач гээд хашгирсаар байгаад амиа алддаг. Олон хүмүүсийг Малайз улсаас авчирсан. Ковидын жил нэг дор 10 гаруй хүнийг авчирч байлаа.  

- Талийгаач охин минь сэргэлэн хүн байсан болохоор сүүлийн удаа Багиндатай очихдоо хоёр найзтайгаа очсон байдаг. Гэтэл буудаллаж байсан буудалд нь өөрийнхөө төлөөний хүнийг тавьчихсан. Цонхоор нь шидэж, золгүй байдлаар амиа алдсан болж харагдуулах зорилготой. 

- Монгол хүн сонин хувь тавилантай юм билээ. Тухайн үед онц ноцтой гэмт хэргийн мөрдөн байцаах газрын дарга нь хятад хүн байж таарсан. Мөрдөн байцаагч нь бас хятад залуу байсан. Тэр үед 57 жилийн турш Малайзын ард түмэн нэг л нам, нэг л ах дүү, төрөл садны эрхшээлд байж, бузар булайг нь илчлэх юмсан гэдэг байж. 

- Багинда гэж хэлэнгүүт тэр хуулийн хүмүүс тог цохисон мэт мэдэрсэн.  Тэгээд хэнд ч хэлэхгүйгээр хуульч хүний хувиар шийдэхээр өөрийн багаа байгуулсан. Тэгээд хоёр офицерийг баривчилсан. Нэг офицер нь тухайн үед Пакистанд Ерөнхий сайдынхаа хамгаалалтад явсан. Нэг нь Малайз улсдаа байсан.  Офицер одоо мэдүүлэхдээ “Манай Ерөнхий сайд намайг өрөөндөө дуудаж, Малайз улсын аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх гадаадын тагнуул эмэгтэйг устгах хэрэгтэй. Багинда бүх зааварчилгааг өгнө” гэсэн үүрэг өгсөн гэдэг. Ингээд энэ аймшигт хэргийг үйлдсэн байдаг. Тэгээд тэр оройноо "Багинда та тайван унтаж болно" гэсэн мессеж бичсэн байдаг. Үүнийхээ төлөө 300 сая рингит авсан гэж мэдүүлдэг.

- Цагдаагийн газар нь маш шуурхай ажилласан. Хэвлэл болон дарга нартаа ч хэлээгүй. Бүгдийг ньь бэлэн болгосны дараа Олон улсын интерпол зарласан. Сарын дараа хэргийн талаар бидэнд мэдэгдсэн. Энэ хугацаанд алга болчихлоо гэж найзууд нь мэдэгддэг ч байсан хаа нэг газар хоригдсон байх эсвэл шоронд байгаа байх л гэж бодож байсан. Гэтэл охиныг минь зэрлэгээр хөнөөсөн байсан. 

- Шүүх анхнаасаа хуулиа умартсан. 12 жилийн турш эрх мэдэлтнүүддээ үйлчилсэн. Шударга бусын хонгил гэдгийн нэг жишээ. 

- Жирийн амьдрал дунд хүнийг ингэж хөнөөсөн түүх байдаггүй. Гэр бүл, үлдсэн үр хүүхэд, ядарсан намайг тэр аллагатай дүйцэх хэмжээнд балбасан. Давхар намайг сөхөртөл хохироосон. Энэ бол хэлмэгдүүлэлт. Амьдрал, эдийн засаг, сэтгэлзүйн хувьд босох чадалгүй болгосон. Би азгүй, хувь тавилангүй хүн байж. Энэ өдрийг хүртэл амьд байх ёстой гэж салганаж явсаар өнөөдрийг хүрлээ. Ээж нь өнгөрсөн. Хоёр хүүгийн нэг нь өвдсөөр, хорвоогийн мөнх бусыг үзсэн. Өвчин намдаах эмчилгээ хийлгэсээр өөд болсон. 

- Монголчууд амгалан байж л байх юм шиг санадаг. Миний өмнөөс хэн ч дуулж, уйлж, дуулгарахгүй. Би дуугүй байвал тэд тайван амгалан л байна.  

- Би Монголын төрд, Малайзад, Францад, Австралид, хүний эрхийн байгууллагад, НҮБ-д 300 гаруй өргөдөл бичсэн. Монголын бүх Хуульзүйн сайд, Гадаад харилцааны сайдтай, хүний эрхийн байгууллагатай залхтал нь уулзсан. Тусална гэж ойлгодог байсан ч амьдрал дээр өөр байсан. Бүх юм хэмжээтэй, хязгаартай. Ганц ханддаг явдал Гадаад харилцааны яам. Гэвч тэд дипломат арга хэрэглэдэг.  Энэ хооронд ямар олон гэрчийг дуудаж, Малайзад авчирсан гэж бодно. Арай л өөрийгөө ломбарданд тавьсангүй.  

- Энэ 17 жилд өнчирсөн хэдэн хүүхэд, навсайсан нэг амьдрал үлдлээ дээ. Би мөнгө төгрөг нэхээгүй. Ганцхан "Уучлаарай" гэдэг үгийг хэлүүлэх гэж бид хоёр 17 жил явлаа. Монголын ард түмэн хүлээсэн, дэлхийн шударга хүмүүс тийшээ анхаарлаа хандуулсан. Мөн ч их хүлээсэн дээ. Малайзын шүүх нарийн явсан, хүч хөдөлмөрөө зарсан.

- Аллагыг үйлдсэн офицеруудыг барьсан, шүүсэн, цаазын ял оноосон ч хэрэгжээгүй. Тэдний нэг нь Австралид, нөгөө нь нутагтаа байгаа. Бид 2 хамтарч хийсэн, үүний төлөө ял авахгүй гэдэг. 

- Хамгийн гол нь энэ хэргийн захиалагч нь хэн бэ гэдгийг тогтоох ёстой. Бараг боломжгүй зүйлийн төлөө энэ олон жил явлаа. Харин гурван хоногийн өмнө анх удаа Багинда гэдэг хүн захиалагч нь мөн гэдгийг тогтоолоо. Багиндаг шийтгэхгүй л байх. 

- Алдарт  Карпал гуай энэ хэргийн төлөө явсаныхаа төлөө амь насаа алдсан. Түүний хүү болон охин нь энэ хэргийн төлөө тэвчээртэй, уйгагүй, үнэнчээр зүтгэсэн. Сангит бүсгүйд баяр хүргэмээр байна. Төр засаг маань тэр хүнд хүндэтгэл үзүүлнэ гэдэгт найдаж байна. 

- Энэ хэргийн улмаас Малайз Монголын харилцаа тасарсан. Монголчууд энэ улс руу зүглэх ээ байсан.  

- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 дугаар сарын 11-нд Малайз руу захидал бичсэн байдаг. Тэр захидалдаа хоёр улсын харилцааны талаар энэ хэргийг шийдэх цаг нь болсоныг онцолсон байсан. Энэ бол цаг үеэ олсон явдал болсон. Миний хүүхэдтэй адил Ерөнхий сайддаа амжилт хүсье. Ямар ч асуудал тулгарсан дагаж биш сөрж гардаг юм шүү гэдгийг захиж хэлмээр байна. 

- Шүүхийн шийдвэр гарч, нөхөн олговор олгох тухай хэдэн тоонд битгий анхаарал хандуулаарай. Би баярлахгүй байна. Хүний амь иймхэн юмаар үнэлэгддэг юм биш. Асуудал дуусахгүй, давж заалдах эрх нь бий. Алийг нь ч шийдээгүй байна. Хүний эрхийн олон улсын байгууллагууд одоо дуугарах эрх нь нээгдэж байна. 

- Би охиныхоо оршуулгыг ч хийж чадаагүй хүн шүү дээ. Охины маань том хүү надаас илүү зүдэрсэн, зовсон. Ээж гэж хэлэх эрхээ 8 настайдаа хасуулсан. Ээжийн тухай ямар ч их дуу байдаг юм бэ. Дуу сонсох бүрдээ нүднээс нулимс гардаг. Ээжийгээ алдлаа, дүүгээ алдлаа. Ямар их хэцүү байдгийг 

- Би охиныхоо зургийг ч харж чаддаггүй. уулзаж ярьж байгаа юм шиг харагддаг учраас харж чаддаггүй. 

- Би цаашдаа монгол хүний эрхийн төлөө, шударга үнэний төлөө хүчтэй шүгэл үлээгч байна. Шударга бусын төлөө бүгдээрээ дуугардаг, хүчээ нэгтгэдэг, хүнээ зөв сонгодог, шийдвэрээ гаргаж чаддаг, үр дүнд хүргэдэг ард түмэн байцгаая.