Судлаач Б.Дашравдангийн "Монгол – Хятадын эдийн засаг, худалдааны хэтийн төлөв"  нийтлэлийг цувралаар хүргэж байна. 

Өмнөх нийтлэл:  Монгол Улс БНХАУ-ын 2-3 мужийн нүүрсний импортын 50-иас дээш хувийг нийлүүлэх тодорхой санал тавих шаардлагатай

Монгол Улсын Засгийн газарт түр амсхийх боломж гарав

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр 2023 оны 7 дугаар сард дуусах байсан Монгол Улсын Хятадын Төв банктай хийсэн своп хэлцлийг сунгахаар тохиролцлоо. Уг хэлцлийг сунгах саналыг манай талаас энэ оны 2-р сард дэвшүүлсэн бөгөөд төрийн албан ёсны айлчлалын хүрээнд баталгаажуулж, хугацаа нь болохоор сунгана гэдгээ Хятадын талаас илэрхийллээ. Манай улс ирэх оны 4 дүгээр сард своп хэлцлийг сунгах хүсэлтээ албан ёсоор Хятадын талд өгч, баталгаажуулах боломжтой болжээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол Улсын Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнээс барих, шилжүүлэх төрлийн концессын өр 270.7 тэрбум төгрөг, гадаад өр 2.2 их наядаар өссөн байна. Оны эхний хагас жилд Засгийн газрын нийт өрийн 93.1 хувь нь гадаад өр, 1.9 хувь нь дотоод өр, 3.3 хувь Засгийн газрын өрийн баталгаа, 1.7 хувь нь барих, шилжүүлэх төрлийн концессын өр тус тус эзэлж байна гэжээ

Хятадын төв банктай хийсэн своп хэлцлийг сунгаснаар Монгол Улсын Засгийн газарт гадаад өрийн дарамтаас гарч, өрийн таазаа багасгах хугацаа хожих боломж олдож байна. 2022 оны 12-р сарын 06-ны өдөр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын өрийг төлж барагдуулав.

Ирэх онд манай улс 1 тэрбум 147 сая ам.долларын гадаад өр, бонд, хүүгийн төлбөр төлнө. Гэхдээ 2023 оны улсын төсвийн цоорхойг гадаад өрөөр санхүүжүүлэхээр УИХ төсвийн хуулиа баталсныг хэр олон Монгол хүн мэдэж байгааг таашгүй.

Төрийн тэргүүнд жижигдсэн гуйлтууд

Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүдийн гадаад айлчлалын салшгүй нэг хэсэг нь зээл, тусламж хүсэх явдал. Тойрч гардаггүй энэхүү уламжлалын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан гэх “Хүүхэд залуучуудын спорт цогцолбор”-ыг Хятадын талын буцалтгүй тусламжийн хүрээнд барих болсон мэдээ гарчээ. 

Тэрхүү цогцолбор нь өдөрт 5000-6000 хүүхэд, залуучууд спортоор хичээллэх боломжтой, дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох учиртай гүтгэлгийг ч уншив. Хятад, Өмнөд ба Хойд Солонгос, Вьетнам, Тайланд гээд Азийн орнуудад өдөрт 50 мянгаас дээш тооны хүн орж гардаг амралт чөлөөт цагийн цогцолбор арваас илүү байсныг нүдээр харж байв. Монголчууд бид Эрдэнэт үйлдвэрээ дэлхийн 10 том уурхайн нэг, Цонжин Болдогт байрлах Чингис хааны хөшөөг хорвоогийн хамгийн том хөшөөнүүдийн нэг гэж гүжирддэг байсан бол хойшид Хятадын тусламжаар барих багашаархан спорт цогцолбороо дэлхий даахгүй том хэмээн ярьж гадны зочид, юм үзсэн жуулчдын нүдийг битгий л орой дээр нь гаргаасай билээ.

 Үргэлжлүүлээд Ерөнхийлөгчийн санаачилсан Урлагийн их театрыг Хятадын тусламжаар барих ба 600-800 тэрбум төгрөгийн өртгөөр босч магадгүй гэжээ. Хамгийн марзан нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд нийслэлд 4 нүхэн гарцыг бас л Хятадын тусламжаар барихаар болжээ. Товчхондоо энэ бол Ерөнхийлөгчийн төрийн албан ёсны айлчлалын үнэ цэнийг бууруулсан, төрийн тэргүүний нэрийг барихад жижигдэхээр гуйлтууд байв. Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Хотын асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар, Соёлын сайд Ч.Номин нарын эрхлэх асуудлын хүрээний, Засгийн газрын аль нэг гишүүн, нийслэлийн засаг дарга ч Хятадын талтай ярилцаад шийдэж болох жижиг асуудлыг Ерөнхийлөгчийн төрийн албан ёсны айлчлалын хүрээнд хэлэлцсэн нь зохимжгүй санагдана.


Монгол, Хятад нь стратегийн иж бүрэн түншүүд гэдгээ ахин нотлов

Энэ удаагийн манай төрийн тэргүүний албан ёсны айлчлал нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг бататгасан айлчлал болсныг Хятадын тоймчид онцлон тэмдэглэж байна. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэдэг сайн хөршүүд мөн болохыг илтгэж байна гэж тэмдэглэжээ. Хятадын тал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндрөөр үнэлж, уг механизм нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Хэдийгээр дээрх үг албаны хэвшмэл хэллэг шиг уншигдаж болох ч дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тогтсон олон улсын дэг журам, их гүрнүүдийн харилцааны нөхцөл өөрчлөгдөж буй цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Хятад улсад айлчилж олон тулгуурт гадаад бодлогын нэг багана болох хөрш улстайгаа сайн хөршийн харилцаагаа хадгалан хөгжүүлж, хоёр улс тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэдэг болохоо бататган хэлэлцсэн нь манай улсын язгуур эрх ашигт бүрнээ нийцсэн үйл явдал мөн.

ХКН-ын 20-р их хуралдаж, ирэх 10 жилд Хятад улсыг Ши Жинпин удирдах нь гарцаагүй болсон цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз Канел Бермудезийн дараагаар Хятад улсад хүрэлцэн очсон хоёр дахь төрийн тэргүүн болсон нь өргөн утгаараа улстөрийн зөв нүүдэл байлаа. 

Үргэлжлэл бий...