Ипотекийн 6 болон 8 хувийн зээл иргэдэд хамгийн ач тустай. Цаг үеийн хамгийн найдвартай төлөгддөг зээлд ордог. 2 жилийн хугацаанд Ковидийн хуультай холбоотой зогсонги байдалд орж эцэстээ улс төржөөд дууссан. Харин ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс төлөгдөх зээлийг иргэд төлсөн нь дээр гэсэн санаа оноог дэвшүүлснээр ипотекийн 8 хувь үргэлжлэхээр болсон. 

Мөн 2020 оны 10 сарын 1-нээс эхлэн шинээр олгосон орон сууцны ипотекийн зээлийг 6 хувь болгосон. Энэ үеэс 8 хувийн зээлтэй иргэдийг 6 хувь руу оруулах асуудал болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудал хөндөгдөж ирсэн.

Урьдчилгаа төлбөрийн хувьд 2021 онд Зээлийн батлан даалтын сангийн хуулинд өөрчлөлт оруулж орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хувь хүртэл зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргахаар болсон. Гэвч төсөвт тухайн ажлыг хэрэгжүүлэх зардлыг нь суулгаагүйгээс болж энэ асуудал хэрэгжээгүй үлдэж улс төрчдийн оноо авах гэсэн сэдэв болж байна.

Мөн бодит байдал дээр 8 хувийн зээлтэй иргэд 6 хувийн зээлтэй иргэдээс ч бага төлж байгаа гэдэг нь тооцооллоор гарчээ. Учир нь 2013 оноос хойш олгосон 8 хувийн зээлд хамрагдсан иргэд тухайн үеийн зах зээлийн ханшаар авч байсан байр нь өнөөдөр 6 хувийнхнаас үнэ хямд сар бүрийн төлдөг үнийн дүн бага юм байна.  8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэхэд оролцогч байгууллагууд татгалзаагүй боловч хүүгийн зөрүүд үүсэх зардлыг хэрхэн шийдэхийг зохицуулаагүйгээс болж хүндрэл үүсээд байгаа аж. 

Ипотекийн зээлийг олон жилийн хугацаатай өгөхийн тулд санхүүгийн мэргэжлийн байгууллага хойно нь ажилладаг. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгодог олон улсад шалгарсан санхүүгийн систем юм. Нэг үгээр  Монголбанк, Арилжааны банкууд хамтарч зээлээ гаргадаг гэсэн үг. 

Өнөөдрийн байдлаар банкуудын эх үүсвэрийн харьцаа нь Монголбанк 80 арилжааны банкууд 20 хувийг олгож байна. Гэхдээ арилжааны банк ипотекийн зээлийг гаргахдаа яг хадгаламжийн хүүтэй адил өндөр хүүгээр 1-2 жилийн хугацаатай маш богино хугацаагаар зээл олгодог. Энэ зээлийг урт 20-30 жилийн хугацаатай болгохын тулд санхүүгийн мэргэжлийн байгууллага оролцож үнэт цаас болгодог._. Үүнийг Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гэдэг бөгөөд тухайнүнэт цаасыг арилжиж байж хугацааг нь уртасгадаг гэдгийг иргэд төдийлөн ойлгодоггүй. 

Тиймээс нүүрэн талдаа улс ипотекийн зээлийг ард иргэдэд өгөөд байгаа мэт сайхан харагдаж байгаа болов чиг цаад талдаа маш нарийн тогтолцоотой банк санхүүгийн байгууллагуудын хүүн дээр тогтож байгаа. Мөнипотекийн зээлийн нөөц сан гэдэг ойлголт байдаг. Тус сан нь үнэт цаас авсан хөрөнгө оруулагчдын хүүний төлбөрийг төлөх_  санг арвижуулах буюу хөрөнгө  удирдахад зориулдаг. 

Дахин сануулахад Ипотекийн зээл бусад зээлээс ялгаатай нь 20-30 жилийн урт хугацаатай. Энэ хугацаанд төрөл бүрийн эрсдэл зээл авсан иргэнд болон зээл гаргасан талд үүсэж болно. Нэг талаар 30 жилийн хугацаанд үүсэх эрсдэлийг хаахын тулд нөөц санг бий болгодог. Нөөц санг хугацааны эхэнд хуримтлуулж, дунд хугацааны үеэс үнэт цаасны хүүний төлбөрт төлөх төлөх ёстой болдог. Өөрөөр хэлбэл нөөц сан нэг өдөр бий болдоггүй, сар бүрийн төлөлтөөс тодорхой хувийг санд төвлөрүүлдэг. \

Цар тахлын хүнд үед иргэдийн ипотекийн зээлийг хойшлуулсан бол харин бондын төлбөрийг энэ нөөц сангаас төлж үүссэн эрсдэлийг даван туулахад ашиглажээ. Түүнчлэн нөөц сангийн хөрөнгийг удирдаж, хадгаламж байршуулах, үнэт цаас авах, ЗГ-ын газрын бонд авах зэргээр хуримтлагдсан хөрөнгийг удирдаж, ирээдүйд төлөх мөнгийг өсгөхөд зориулж санхүүгийн мэргэжлийн байгууллагын эрхлэх үйл ажиллагаа явуулж байдаг. Сангийн мөнгийг удирдах нь олон улсад байдаг жишиг.Энэ мөнгийг  таг алга болсон мэт дур зоргоороо зарцуулсан мэтээр улс төрчид эндүү ташаа мэдээлэл түгээгээд байгаа нь иргэдийн ойлголтыг буруугаар эргүүлээд байна гэдгийг сануулъя. 


Д.Майцэцэг