Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийхдээ хотын төв болон бусад дүүргүүдэд нэг чигийн хөдөлгөөнийг турших талаар мэдээлсэн. Тодруулбал Зайсан орчим нэг чигийн хөдөлгөөнтэй болсноор Яармаг, Нисэхийн түгжрэл буурсан тул энэхүү зохицуулалтыг хэд хэдэн дүүрэгт турших талаараа мэдээлсэн юм.

Гэвч уг арга хэмжээг Баянгол дүүрэг иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Тус дүүргийн хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулан туршилт хийж байгаа аж. Гэвч энэ шийдвэрийг цуцлуулахаар ажиллах талаараа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдэгдсэн байна.

Учир нь Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалт нь хоёр хотхоны оршин суугчдад ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. Тиймээс өнөөдөр оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж гадаа талбайдаа цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.