Хөтөлийн Цемент шохой ТӨХК –ийн аудитын дүгнэлттэй холбогдуулан Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын талаар таагүй үг унагаад амжсан билээ. Харин Л.Наранбаатар үүнийг дуугүй өнгөрүүлэхийг хүссэнгүй бололтой. Тус газрын Удирдлага зохицуулалтын газрын дарга, Б.Цэнгэлийн баруун гар, Цемент шохой ТӨХК –ийн ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, компанийн авто машиныг буцаан өгөхийг шаарджээ. Нийт 12.3 сая төгрөг үргүй зарсныг нэхэмжилж, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд шаардах бичиг өгсөн байна.
Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газраас өнгөрсөн 7 дугаар сард “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК –аас Тоёота Ланд крузер – 200 /00-38 УББ улсын дугаартай/ маркийн машиныг үндсэн хөрөнгийн балансаас нь баланст шилжүүлэх замаар Цемент шохой ТӨХК-д хүлээлгэн өгчээ.
Харамсалтай нь уг машиныг өнөөг хүртэл Ц.Баяр-Эрдэнэ ТУЗ-ийн даргынхаа албан тушаалаараа дулдуйлан өөрийн албан болон хувийн хэрэгцээндээ ашиглаж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөөр ирсэн байна. Ингэхдээ тус автомашиныхаа ашиглалттай холбоотой зардал болох шатахуун, тос тослох материалын зардлыг Цемент шохой ТӨХК –иас гаргуулж иржээ.
Тиймээс Цемент шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар уг машиныг биет байдлаар буцаан эргүүлэн өгөх, өнгөрсөн хугацаанд уг автомашинтай холбоотой гарсан бүх зардал болох 12 сая төгрөгийг энэ сарын 15-ны дотор Ц.Баяр-Эрдэнээр компанид буцаан төлүүлж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!