Нийгмийн их стресс, сөрөг бараан мэдээллүүд дунд жижигхэн ч гэсэн гэрэл асааж сайн сайхан зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хассуурь сан-Хөгжлийн төвөөс Сайнаар өөрчлөх нэг санаа видео бичлэгийн уралдаан зарласан билээ. Уралдаанд Сүхбаатар, Дундговь, Говь-Алтай, Хэнтий аймгуудаас болон Дархан, Эрдэнэт хотуудаас гээд 60 орчим бүтээл, шинэлэг санаа, чухал санаачлагууд ирж  шилдгүүдээ шалгарууллаа. Шалгарсан бүтээлийн эзэд өөрсдийн санааг бодит ажил болгон хэрэгжүүлэх, зорилго зорилт тавьж түүнийгээ танилцуулсан байна.

1. Хүрээлэн буй орчиндоо олон нийтэд сайнаар нөлөөлөхүйц санаа

2. Байгал орчинд ээлтэй чухал санаа

3. Хялбар аргаар хэрэгжүүлж болох шинэлэг санаа

4. Хүнлэг сэтгэл, хүндлэлийг харуулсан эерэг уриалга

5. Монгол өв соёлоо хамгаалах түгээн дэлгэрүүлэхэд чухал санаа гэсэн үндсэн таван сэдвийн хүрээнд бүтээл авч шилдэг санаануудыг шалгаруулжээ.

Хялбар аргаар хэрэгжүүлж болох шинэлэг санаа төрөлд Эрдэнэт хотоос оролцсон залуу гэр бүл шилдгээр шалгарсан байна. Тэдний тухайд хаягдал цаасан хайрцаг, бичгийн цаас ашиглан модноос гурав дахин удаан шаталттай шахмал түлш гарган авч хэрэглээнд нэвтрүүлжээ. Шахмал түлшээ борлуулан бизнес эрхэлж байгаа залуу хос Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Хассуурь сан дээр сургалт явуулж хялбар аргаар хийж болох түлшээ хэрхэн хийх зааврыг зааж өгөхөөр болсон байна.

Мөн Хүнлэг сэтгэл хүндлэлийг харуулсан эерэг уриалгаар Аутизмтэй 6 настай охин болох Энэрэлийн бичлэг шалгарчээ. Өвчин биш эмгэг тул эдгэрэхгүй Аутизмыг энгийн бид ойлгож энэ төрлийн эмгэгтэй хүмүүст тусалж байх нь нэн чухал гэдгийг 6 настай охинд тусалж байгаа бяцхан хөвгүүдийн бичлэгээс харж болох юм.