MURCH.mn сайтын сэтгүүлчид АТГ, Улсын ерөнхий прокурорын газарт УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Сандагийн Бямбацогтыг албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий компаниудаараа нийтдээ 280 тэрбум 932 сая 700 мянган төгрөгийн зээл авч, мөнгө угаасан байж магадгүй хэмээн үзэж холбогдох баримтыг бүрдүүлэн шалгуулахаар өгчээ.
Х.ГАНЯЛАЛТ:
С.Бямбацогт нь дараах хамаарал бүхий компаниудаар дамжуулж, нийтдээ 280 тэрбум, 932 сая 700 мянган төгрөгийн зээл авч, мөнгө угаасан байж магадгүй хэмээн үзжээ. Тодруулбал,
1. Чингис бондоос 25.4 тэрбум,
2. Хөгжлийн банкны зээл 80.1 тэрбум
3. ЖДҮ, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 4 тэрбум,
4. Тендерээр 63.9 тэрбум,
Нийтдээ 173 тэрбум 37 сая 700 мянга,
5. Алтай трест ХХК-иар авсан концессын гэрээний нийт өртөг 107 тэрбум 895 сая төгрөг.
Энэ бүх санхүүжилт нийтдээ 281 орчим тэрбум төгрөг болж байгаа нь С.Бямбацогтыг УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаас нь эгүүлэн татаж, хамаарал бүхий компаниудаараа авсан төрийн хөрөнгөнөөс үр ашиггүй өөртөө болон өөрийн тойрон хүрээлсэн бүлэг этгээдүүдэд ашигтай зарцуулсан байх магадлалтай хөрөнгө, санхүүжилтыг эргүүлэн өгч, улсыг хохиролгүй болгохыг шаардах нь сэтгүүлчдийн хувьд зүй ёсны хэрэг мөн гэж тэд мэдэгдлээ.
Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Аэро Монголиа ХХК, Хүннү эйр ХХК-д илт давуу байдал олгосон байж болзошгүй аж. Учир нь хөдөлгүүрийн болон багтаамж зардал өндөр, овор хэмжээ ихтэй онгоцуудыг олон эргэлттэй, ашигтай нислэг бүхий орон нутгийн үйлчилгээнд гаргадаг. Харин хөдөлгүүрийн багтаамж бага, хүчин чадал багатай жижиг онгоцоо холын зайнд буюу баруун аймгуудад нисгэдэг нь орон нутагт ачаалал албаар үүсгэж, зардал нөхөх нэрээр төрөөс нөхөн олговор авах, татваргүй ачаа тээвэр хийх, татааст хамруулсан нөхцөл байдлаас үүсч албан тушаалаа ашигласан ашиг хонжоо гаргах... зэрэг аргагүй нөхцөл байдлыг харгалзан гаргаж байгаа төрийн дэмжлэгийг урвуугаар ашигласан байх магадлалтай... зэрэг хардах үндэслэл байгаа учраас энэ асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт албан тушаалаа ашигласан эрх мэдлийн давуу байдлаараа түрий барьж бодлогоор дэмжин ажиллаж байх магдлалтай байгааг шалгах ёстой хэмээн хардахаас аргагүй байдал үүсээд байгаа юм. Тиймээс энэ асуудал анхаарлаа хандуулж шалгах шаардлага үүсээд байгаа юм.
Дээрх мэдэгдэлд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нүүр номоороо дамжуулан тайлбар хийжээ.
С.БЯМБАЦОГТ:
- Мөнөөх л зурагдсан пянз шиг улиг болон хашгирдаг тендер, концесс, Хөгжлийн банк гэсэн муухан найруулсан жүжгийн зохиолын ноорогоо захиалгаар хөдөлдөг хэдэн нөхдийн гарт бариулж нийгмийн тайзан дээр тавих гэж оролдон аргаа барж буй бололтой.
Ноднин 6 сард анх НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ил гаргаж тавьсан, Зам Тээврийн Хөгжлийн сайд болсон цагаасаа хойш төмөр зам тойрсон хулгай, хил боомт, авто замын тендерүүд, Дарханы замд нүүрлэсэн авлига хулгайг зоригтой илчилсэний хариу реакц бололтой.
Ингэлээ гээд би шантрахгүй, няцахгүй. ГОРЬДСОНЫ ГАРЗ шүү гэдгийг цаад эздэд нь хэлчихье. Ингэх бүр та нарын булхай луйвар, бугшсан хулгайг нь улам ил гарганаа. Ингэх бүр дахиад ч янз бүрийн дайралтууд ирэх байх. Тэсээд, тэсрээд ард нь гарнаа. Засгийн газрынхаа Шинэ Сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ, салбартаа шударга ёс тогтооно.
Угаасаа ингэж гүтгэх, дайрах, худал мэдээллээр бөмбөгдөх бүрд өөрөө хүсэлтээ өгч удаа дараа АТГ, Прокурор, цагдаад шалгуулж үнэн зөвөө тогтоолгосоор ирсэн юм. Хардах эрхтэй байж болно, харин түүгээр далимдуулж гүтгэх эрхтэй гэж бүү эндүүр. Захиалагчийнхаа бичсэн зохион бичлэгийг баримт хэмээн гөрдөж, олон түмнийг сохор гэж битгий андуур гэсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!