Монгол Улс сүүлийн өдрүүдэд гадны зочин гийчид ихтэй байна. Цаашид ч төрийн томоохон айлчлалууд үргэлжлэхээр байна. 

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хийсэн бол өчигдөр  Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло манай улсад айлчлахаар иржээ. 

Тэрбээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй юм.  Тэгвэл энэ сарын сүүлээр бас нэгэн томоохон айлчлал болох нь. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад айлчлал хийх аж. 

Эммануэл Макрон тавдугаар сарын 22-нд манай улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд энэ үеэр томоохон төсөл хөтөлбөрүүд яригдах хүлээлттэй байна. 

Тодруулбал Франц Улсын Төрийн өмчит компани болох Орано групп, "Мон атом" ХХК-ийн хамтарсан компани болох Бадрах энержи ХХК Дорноговь аймгийн нутагт ураны туршилтын олборлолтоо хийгээд буй. “Мон Атом” нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани. Харин “Орано” группийн 85 хувь нь  Францын Засгийн газрын мэдлийнх. Улмаар төслийн хувьцаа эзэмшигчид хамтран Хөрөнгө оруулалтын гэрээний саналаа  Засгийн газарт хүргүүлжээ. 

Айлчлалын үеэр энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ яригдахаар төлөвлөж байгаа юм байна.