“Сарлагийн наадам-2023”-ыг улсын хэмжээний эвент арга хэмжээ болгох хэмжээнд зохион байгуулав
“Зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгон “Сарлагийн наадам-2023” энэ оны долоодугаар сарын 20-21-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Далан булагт зохион байгууллаа.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст Мөрөн” компани хамтран зохион байгуулсан уг наадамд 3000 гаруй жуулчид, аялагчид, малчид оролцлоо.
Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг дэмжиж, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын эвэнт болгон хөгжүүлэх зорилгоор “Сарлаг наадам”-ыг 2014 оноос зохион байгуулж байгаг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав хэлж байна.
Тэрбээр, "Бид аялал жуулчлалыг хөгжүүлж, улирлын хамаарлыг багасгаж гадаад дотоодын жуулчдыг татан оролцуулах, төр хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын салбараас нутгийн иргэдэд орох орлогыг нэмэгдүүлэх, зорилгоор “Сарлаг наадам” эвент арга хэмжээг 5 дах удаагаа амжилттай зохион байгууллаа. Цаашид улсын хэмжээний эвент арга хэмжээ болгон хөгжүүлэхээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм” хэмээн тэмдэглэв.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Даваа "Сарлагийн наадам Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын брэнд бий болгох, сарлагийн сүү, цагаан идээ, сарлагийн мах, дотор махыг зах зээлд нийлүүлэхээс гадна ашиг тусыг нь ойлгуулах, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эхлүүлэх, хөх сарлагийг үржүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулсан”-ыг мөн онцлон хэлэв.
Бид хөх сарлагийн бухыг малчдад өгсөн. Гурван жилийн дараа сарлагаа буцааж аваад дараагийн малчдад өгөх гэрээтэйгээр хөх сарлагийг үржүүлж байна. Европын орнуудад сарлагийн цагаан хөөврийг өндөр үнээр борлуулах судалгааны ажлыг хийсэн.
Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа явуулж буй “Жинст мөрөн” компани сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ Европын орнуудад сурталчлах ажлыг хийж байгаагаас гадна Герман улсад сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний дэлгүүр нээж байгаад бид бүхэн сэтгэл өндөр байна. Мөн малчид маань ч гэсэн сүүлийн үед сарлагийн хөөврийг маш сайн самнаж өгч байгаа. 2017 онд нэг тонн хөөвөр авч байсан бол өнөөдөр 3 тонн хөөврийг зөвхөн Алаг-Эрдэнэ сумын малчид нийлүүлж буй. Хатгал тосгоны малчидтай нийлээд нийт 5 тонн хөөврийг дундын зуучлагч нараар дамжуулахгүй үндэсний үйлдвэрлэгч нарт шууд өгч байгаад" гэсэн юм.
Хөвсгөл аймгийн 22 сум, нэг тосгонд нийт 170 мянга гаруй толгой сарлаг маллаж байна. Наадмыг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ суманд гэхэд л нийт үхрийн 90 хувь нь сарлаг юм. “Сарлагийн наадам-2023" -аар үндэсний бөх, сарлаг бугуйлдах, сарлаг булгиулах, сарлагийн сүүтэй үнээ шалгаруулах, сарлаг үхрийн уралдаан, сарлагийн сэдэвт шүлгийн тэмцээн зэргийг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Сарлаг булгиулах тэмцээнд 52 малчин залуу өрсөлдөв. Үүнд:
- тэргүүн байранд эмнэг сарлагийн нуруун дээр 38 сeкунд тогтсон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Н. Мөнх-Эрдэнэ,
-дэд байранд 21 сeкунд тогтсон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Д. Мягмар,
- гуравдугаар байранд 18 сeкунд тогтож булгиулсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Ц.Өсөхбаяр тус тус шалгарлаа.
Сарлаг бугуйлдах тэмцээнд Хөвсгөл аймгийн 113 залуу амжилттай оролцсноос тэргүүн байранд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин Б.Ган-Эрдэнэ, дэд байранд Алаг-Эрдэнэ сумын малчин Г.Баянмөнх, гуравдугаар байранд Бүрэнтогтох сумын малчин Э.Өсөхбаяр орлоо.
“Сарлагийн сүүтэй үнээ” шалгаруулах тэмцээнд 14 саальчин бүсгүй оролцсноос тэргүүнд байранд хар сарлагаасаа 3.4 л сүү саасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын саальчин Ф.Баасансүрэн, дэд байранд эвэрт хараа үнээнээс 2.8 л сүү саасан н.Мандахбаяр, цэнхэр сарлагаасаа 2.4 л сүү саасан н.Баяржаргал нар шалгарлаа.
“Нэг сарлагаас нэг саалтаар 2, 3 л сүү саах нь ховор. Архангай аймагт 3.7 л сүү гардаг сарлаг байдаг гэсэн. 2017 онд манай сумын саальчин 3 л сүү сааж байсан. Eр нь дунджаар нэг сарлагаас 1 л сүү гардаг” гэж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Тамгын газрын дарга ярив.
Сарлаг үхрийн уралдаан тэргүүн байранд П. Идэрзаяагийн бор сарлаг, дэд байранд н.Энхтүвшингийн харлаг сарлаг, гуравдугаар байранд н.Ядамсүрэнгийн цагаан хайнаг сарлаг хамгий их сааль өгснөөр орлоо.
Үзэх, сонирхох зүйлээр их, нутаг орноо, мал аж ахуй, малчдын ажил хөдөлмөрийг сурталчилсан, хөдөөгийнхөнд урам өгсөн сайхан наадам боллоо хэмээн оролцогчид сайшааж, наадмыг ирэх жил эртнээс өргөн сурталчилж, олонд хүргэх, олон жуулчинг хамруулах санал гаргаж байв. Тус наадмаар нэг худалдаачин дунджаар 200-400 мянган төгрөгийн орлого олжээ. Мөн эрдэм шинжилгээний зарим байгууллага, “Жинст мөрөн” компани сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ борлуулж сурталчиллаа.































Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!