Энэ удаад төрийн чадамжийг бүрдүүлэх нь сэдвээр хөгжлийн эдийн засагч, “Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төв” УТҮГ-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрээр Харвардын Их Сургуулийн профессорууд болох Матт Эндрьюс, Лант Притчетт, Майкл Вүүлкок нарын “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” номыг эх хэлнээ орчуулж, олон нийтэд хүргээд байгаа билээ.

Нийгэмд тулгарч байгаа олон асуудлыг ТӨРИЙН ЧАДАМЖАА сайжруулж байж л шийднэ.

Яриагаа төрийн албанаас эхэлье. Төрийн албыг сайн муу хэмээн хэмждэг ямар хэмжүүр байдаг вэ? Төрийн алба чадамжтай байхын тулд онолын тодорхой аргачлал зөвлөмж байдаг уу?

- Ерөнхийд нь дүгнэхэд иргэд талаасаа төрийн үйлчилгээг авч, энэ үйлчилгээнд сайн муу  үнэлгээ өгнө. Нэг ёсондоо иргэд үйлчилгээ авахдаа төрсөн сэтгэгдлээр үнэлэх нь байна шүү дээ. Хоёрт төр талаасаа хийх ёстой ажлыг хэр сайн биелүүлж байгаагаар үнэлж болно. Өөрөөр хэлбэл төрийн аль нэг байгууллага тэр байгууллага байгуулагдсан зорилгодоо хэр хүрч ажиллаж чадаж байна гэдгээр хэмжих. Энэ бол тухайн байгууллагын чадамжийг илэрхийлэх ёстой болохоос биш, 100 хүсэлт бичиг ирлээ, ийшээ тийшээ цохлоо, 90 хувьд нь хариу өглөө гэдгээр огт хэмжигдэх ёсгүй.

 - Таны “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” орчуулгын номд энэ талаар хэрхэн тусгасан байдаг бол?

 - Энэ номыг өнөөдөр байгаа тогтолцоогоо сайжруулж, хөгжүүлье гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн бүрд зориулж орчуулсан юм. Төрийн алба байтугай нэг байгууллагыг сайжруулна гэдэг хэн нэгэн хүн ганцаар хийх биш, харин байгууллага бүр дээр байгаа сайжруулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл дээр тулгуурлаж хийдэг ажил. Заримдаа хэдий хүсэл байвч, арга аргачлал дутвал хийсэн ажлууд хий дэмий үрэн таран болох эрсдэлтэй. Харин арга аргачлалаа мэдээд ашиглаж чадвал амжилтад хүрэх магадлал өснө.

 - Өнөөдөр нийгэмд тулгарч байгаа хариуцлагын тухай их яригдаж байна. Энэ талаар?

 - Энэ талаар номд бас тодорхой туссан байгаа. Ер нь хариуцлагыг дотор нь “сийрэг хариуцлага”, “нягт хариуцлага” гэж нэрлэж, ялгаж ойлгоно. Нягт хариуцлага нь бичигдээгүй, албан бус хэм хэмжээгээр тогтдог, яах аргагүй  язгуур шинжтэй үйл явц байдаг. Харин сийрэг хариуцлага нь салбарын албан ёсны байгууллагууд дотор бүрэлдэж, цаасан дээр бичигдэж болно. Амжилттай яваа байгууллагуудыг шинжлээд харвал дотоод, гадааддаа аль алинд нь сийрэг болон нягт хариуцлагын хослол дээр тулгуурлан ажилладаг гэж үздэг юм байна лээ..

Банкнууд сая хувьцаагаа гаргах үед нягт хариуцлагатай брокер дилерийн компаниуд харилцагчид дээрээ мөнгө олох боломж байсан ч , ёс зүй зааж үйлдэл хийгээгүй байдаг. Харин улаан цайм харилцагчдаасаа мөнгө олж байгаа компаниуд харагдсан даа.

 Үнэнийг хэлэхэд өнөөдөр Монголд энд хэлээд байгаа “нягт хариуцлага” ихээр дутагдаж байгаа. Харин үүнийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг том сорилттой бид тулаад байна. Нягт хариуцлагыг бүрдүүлэх нь төрийн чадамжийг сайжруулах арга замын нэг. Нэг ёсондоо манай нийгэмд тулгарч байгаа олон асуудлыг төрийн чадамжийг сайжруулж байж л шийднэ.

 

Улс орны хөгжлийн хэмжих хэмжээсийг юугаар хэмждэг юм бэ ? Хөгжилд нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар таны бодлыг сонсъё.

 - Дэлгэрүүлж яривал дуусахгүй  л болов уу. Тэгэхээр товчлоё.  Харвардын их сургуульд Магистрт сурч байхдаа  аливаа орны улс улсын хөгжлийг хэмжих дөрвөн гол суурь хэмжээс  байдаг гэдгийг сайтар ойлгосон. Эдийн засаг, нийгэм, улс төр болон төрийн чадамж. Бид макро хэмжээсээр зөвхөн экспорт, төлбөрийн тэнцлээр,  өрхийн түвшинд өрхийн орлогоор, машинтай, машингүй , орон сууцтай үгүйгээр хөгжлөө тодорхойлохоос гадна төрийн чадамж гэдэг бол хөгжлийн томоохон чухал хүчин зүйл байна гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. 

 - Монголын төрийн чадамж ямар түвшинд байна вэ? Олон улсад судалгаа байгаа байх ?

 - Тэр түвшинд гээд ерөнхийд нь эрэмбэлэхээсээ илүү, төрийн чадамж нь сайжирч байна уу, унаж байна уу гэдэг дунд хугацааны хандлага маш чухал. Энэ талаар хийсэн судалгааны нэг нь Харвардын Их Сургуулийн профессор Ланд Бриджетийн  Дэлхийн 130  гаруй  оронд  хийсэн судалгаанаас харахад төрийн чадамж нь удаан сайжирч байгаа, хурдтай сайжирч байгаа, удаан буурч байгаа, хурдтай буурч байгаа гэдэг 4 ангиллаар чадамжийг гаргаж ирсэн. 2017 онд хийсэн  уг судалгаанаас харахад Монгол Улсын төрийн чадамж нь тухайн үедээ “хурдтай буурч байгаа” гэж судалгаа гарсан. Харин 2020 онд гаргасан  судалгааг харахад удаан буурч байгаа гэдэг ангилал руу шилжсэн.

 - Эдийн засаг гэх мэт улс орны хөгжлийг тодорхойлох хүчин зүйлүүд байгаа.  Төрийн чадамжаа хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ  гэж асуумаар санагдлаа?

 - Түрүүнд хэлсэн шиг хөгжлийг хэмжих дөрвөн хэмжээс бий. Нэг хэмжээсээр ухарч байхад, нөгөө хэмжээсээр өсөж болно. Эдийн засгийн хэмжээсээр бид урагшилж өгсөж байгаа. Харин Монгол улсын төрийн чадамж нь буурч байна. Ерөнхий хандлагыг харахад төрийн чадамж үргэлжлэн унавал  яваандаа эдийн засгийн хувьд өсөлттэй байсан ч, тухайн улс хөгжлийн тодорхой үе шатанд очоод төрийн чадамжаасаа болж эдийн засгийн хамаг амжилтаа эрсдэлд оруулж мэднэ.

Өнөөдөр залуус гадаадад орчин нөхцөл сайхан байна бид өөрсдийгөө хараач гэж их ярих болж. Хөгжсөн орнуудтай өөрсдийгөө харьцуулж болохгүй байгаа зүйлийг эсвэл хоцорч байгаа зүйлээ харах хэрэгтэй. Гэхдээ энэ хоцорч байгаа зүйлийг бүрдүүлэх гэж жишээлбэл Голланд улс хэдэн жил болсон бэ? Япон улс хэдэн жилийн дараа хүрэв гэдгийг бодож үзвэл бид асуудлыг илүү бодитоор харж чадна. Илүү хурдтай хөгжихийн тулд төрийн чадамжаа гарцаагүй анхаарахгүй бол болохгүй.

 - Та төрийн чадамжийг л онцлоод байна. Яагаад тийм чухал юм бэ гэдэг дээр илүү тайлбар өгөхгүй юу?

 - Бид төрийн чадамжаа сайжруулж байж төлөвлөсөн бодлогоо илүү амжилттай хэрэгжүүлэх учраас л илүү анхаарал өгөөд байгаа юм. Өмнө нэг тайлан уншиж байхад 2000 онд АНУ-н Мелцерийн Хорооноос гаргасан дүнг харахад Дэлхийн Банкны хэрэгжүүлсэн нийт төсөл хөтөлбөрүүдийн 50 гаруй хувь нь бүтэлгүйтсэн үр дүнтэй гэж дүгнэсэн байсан. Тэгвэл яагаад гэдгийг судлаад гаргаад ирсний цаана гурван үндсэн шалтгаан байдаг юм байна. Нэгт, төсөл хөтөлбөр эсвэл бодлогын хүрээнд хийж буй ажиллагаа нь тухайн асуудлыг шийддэг байх ёстой. Түүнээс биш хэн нэгний үндэслэл нотолгоогүй санаан дээр тулгуурлаж болохгүй. Хоёрт тэр бодлого үйл ажиллагаа нь улс төрийн дэмжлэг авах ёстой. Гуравт үүнийг хэрэгжүүлэгч байгууллага тэр хэмжээний хүндрэлтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх түвшний чадамжтай байх ёстой.

 Монголчууд бид ирэх 10 жилийн хугацаанд хэрхэн хөгжих хөгжлийн бодлогоо тодорхойлсон нь Шинэ Сэргэлтийн Бодлого. Энэ бодлогоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн чадамж, цаашлаад төсөл, үйл ажиллагаа хариуцаж буй байгууллагуудын чадамжаа сайжруулахаас өөр арга үгүй. Тиймээс ч Шинэ Сэргэлтийн Бодлого боловсруулах үйл явцад төрийн чадамжийг сайжруулахаар төрийн бүтээмжийн сэргэлт гэж зургаан сэргэлтийн нэгээр оруулсан.

 - Шинэ сэргэлтийн бодлогын нэг нь Төрийн бүтээмжийн сэргэлт зайлшгүй учиртайг ярианаас тань ойлгогдож байна.  Тэгвэл төрийн бүтээмж, төрийн чадамж хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

 - Төрийн чадамж бол төрийн байгууллагуудын чадамжийн дундаж юм. Тэгвэл төрийн байгууллагын чадамж гэдэг нь тухайн байгууллага анх байгуулагдсан зорилгодоо хүрч ажиллаж байна уу гэдгээр хэмжигдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Бичиг цаасанд хариу өгснөөр биш шүү. Учир нь байгууллага нэг асуудлыг шийдэх эсвэл нэг үйлчилгээг хүргэх гэж байгуулагдсан байгаа. Харин Шинэ Сэргэлтийн Бодлогод туссан төрийн бүтээмжийн сэргэлтийг харвал цаанаа гурван үндсэн чиглэлтэй, нэгдүгээрт төрийн чадамжийг сайжруулах, хоёрт авлигыг бууруулах, гуравт дижитал болгох. Ялгааг бол хувьдаа ингэж л тодорхойлж байгаа.

 - Төрийн чадамжийг тэгээд хэрхэн бүрдүүлэх вэ? Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна?

 - Төрийн чадамжийг бүрдүүлнэ гэдэг дэлхий дээрх хамгийн хүнд ажлуудын нэг гээд хэлэхэд хилсдэхгүй байх. Хөгжлийн эдийн засагт нийт үйл ажиллагааг хувийн хэвшил байна уу, төр байна уу хамаагүй таван ангилалд хувааж үздэг. Гүйцэтгэхэд хамгийн хүнд ажлыг “асар хүнд” гэсэн ангилалд оруулдаг. Энэ ангилалд хэрхэн хийх нь тодорхойгүй, нэг ёсондоо гарын авлага гэхээр зүйл байдаггүй, олон хүнийг хамарсан, үүрэг хариуцлага ногдуулж буй төрлийн үйл ажиллагааг оруулдаг. Төрийн чадамжийг бүрдүүлэх нь “асар хүнд” ангилалдаа ордог. Учир нь Голланд эсвэл Сингапур ингэж төрийн байгууллагын чадамжийг сайжрууллаа гэсэн туршлага байж болох ч, энийг Монголд шууд буулгаж хэрэгжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл асар хүнд ангилалд орсон ажлыг гүйцэтгэхэд гадаадын “сайн туршлага”-г нэвтрүүлэх боломжгүй.  Тэгээд ч, төрийн байгууллага тус бүр магадгүй өөр замналаар чадамжаа сайжруулах болов уу. 

Тиймээс оношлоод, шийдэл гаргаад, хэрэгжүүлж үзээд, алдаа дутагдал дээрээсээ суралцаад, шийдлээ сайжруулаад, сайжруулсан шийдлээ хэрэгжүүлээд ингэж алхам алхмаар явах шаардлагатай болдог.

 - Тэгэхээр төрийн чадамжийг яаж сайжруулна гэсэн үг вэ?

 - Шинэ Сэргэлтийн Бодлогыг боловсруулж байх явцад надад яг ийм ажил эсвэл үйл ажиллагаа явуулснаар төрийн чадамжийг бүрдүүлэх боломжтой юм гэсэн судалгаа, эсвэл тэгэх болов уу гэдгийг харуулсан нотолгоо байгаагүй. Тиймээс Хурдасгуур төвд томилогдож ирснээс хойш энэ чиглэлд нэг жилийн турш манай төв дөрвөн судалгааг Төрийн Албаны Зөвлөл, Сэлэнгэ Аймагийн Тамгын Газар зэрэг газруудтай хамтарч гаргасан. Бид төрийн чадамжийг нэмэгдүүлэх ажлыг хоёр түвшинд харж байгаа. Нэгдүгээрт байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт төрийн албан хаагчдын чадварыг сайжруулах.

 Байгууллагын чадамж, албан хаагчдын чадвар хоёр бол тэс ондоо зүйл. Энэтхэгийн Матьяа Парадеш мужид хийсэн судалгаагаар хамгийн сайн эмч нар улсын эмнэлэгт ажилдаг гэдгийг тодорхойлсон. Эдгээр улсын эмч нарын чадвар дан хувийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч нараас илүү. Гэхдээ иргэд эдгээр улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч дээр очоод үзүүлэхээр хамгийн муу чанарын үйлчилгээг авдаг. Тэгсэн хэр нь тэр эмч нар хувийн эмнэлэгтээ очоод ажиллахаар хамгийн сайнаар ажилладаг нь тогтоогдсон. Энэ бол байгууллагын чадамж, хувь хүний чадварын ялгаа гэхэд болно.

 Төрийн чадамжийг сайжруулах нь байгууллагын чадамжийг сайжруулах, мөн төрийн албан хаагчийн чадварыг ч нэмэх хоёр түвшинд явна. Байгууллагын түвшинд бол хариуцлагын болоод урамшууллын тогтолцоо, соёл болоод эдгээрийг хэрэгжүүлэх менежментийг сайжруулснаар бүрдүүлнэ гэж бид үзэж байгаа.

 - Төрийн албан хаагчийн хувьд?

 - Хурдасгуур төв дээр бид төрийн албан хаагчийн хувьд төр орох, ажиллах, төрийн албанаас гарах гэсэн гурван мөчлөгт харж байгаа. Нэгт төрийн албанд Монголын төр яг хэрэгтэй чадвартай хүнээ авч чадаж байна уу. Хоёрт төрд ажиллах хугацаанд тухайн төрийн ажлыг хийхэд шаардагдах чадвар, өнөөдөр тухайн албан дээр буй албан хаагчийн чадвар хоёрын зөрүү хэр байна вэ, мөн зөрүүтэй байлаа гэхэд зөрүүг буулгах чиглэлд ажиллаж байна уу зэрэг орно. Гуравт ажлаас гарах. Энэ мөчлөгийн хэсэгт Монголын төр сайн албан хаагчдаа авч үлдэж байна уу, жилд ажлаас гарах  төрийн албан хаагчдын тоо өсөж байна уу буурч байна уу, ямар шалтгаанаар гарч байна гээд асуудлууд багтана.

 - Төрийн албанаас хүмүүс ямар шалтгаанаар гарч байна вэ? Төрийн албанаас гарч буй шалтгаануудыг та судалж үзэв үү?

 -  Харамсалтай нь Ковид-с хойш төрийн албанаас гарч байгаа хувь хэмжээ өсөж байгаа нь төрийн чадамжид сөргөөр нөлөөлж байна. Бид гарч байгаа болон төрийн алба руу орж байгаа албан хаагчдын мэдээлэл дээр тооцоо судалгаа хийсэн. Ингэхэд төрийн албанд орж байгаа албан хаагчид дунджаар төрийн албанаас гарч байгаа албан хаагчдаас чадварын хувьд бага байна. Энэ бол бид анхаарч, арга хэмжээ авах ёстой зүйл болоод байгаа юм.

 Манай төвөөс бас яагаад гарч байгаа учир шалтгааныг бид судалгаагаар гаргаж ирсэн. Төрийн албанаас гарч байгаа гол гурван шалтгаан гэвэл нэгдүгээрт цалин, хоёрдугаарт ажлын ачаалал, гуравдугаарт иргэдээс ирэх дарамт юм байна гэдгийг тогтоосон. Ажлын ачааллыг бид дотор нь хоёр ангилж байгаа нь чиг үүргийн болоод чиг үүргийн бус гэж хоёр хувааж байгаа. Судалгаанаас бид төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай юм байна гэдэг зөвлөмж гаргасан. Хувийн хэвшлийн дундаж цалин, төрийн албан хаагчийн цалингийн ялгаа 2017 оноос хойш огцом нэмэгдсэн нь нөлөөлж байна. Харин ажлын ачааллын хувьд чиг үүргийн ажлын ачааллыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр ЗГХХГ болон ЦХЯ-тай хамтраад процессын дахин инженерчлэлийн ажлыг хийж эхлээд байна. Яг одоо бол чиг үүргийн бус ажлыг хэрхэн бууруулах вэ гэдэг рүү орж амжаагүй явна.

 - Процессын дахин инженерчлэл гэлээ. Энэ ажлаас ямар дүгнэлт гарсан бэ?

 - Бидний хийж буй процессын дахин инженерчлэлийн ажлын гол зорилго бол төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн хурднаар, хамгийн төвөг багатай хүргэхэд оршино. Янз бүрийн дүрэм журам, эсвэл хэрэгтэй хэрэггүй мэдэгдэхгүй шат дамжлагуудыг бүгдийг арилгах зорилгоор бүх шат дамжлагыг зурж байгаа гэсэн үг. Улмаар эндээс төр талдаа хэрэггүй дамжлагуудыг бууруулснаар ажлын ачаалал буурна, харин иргэн талдаа үйлчилгээ илүү хурдан хүрэх болно.

 Энэ ажлыг эхний элжинд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий  Газар гэсэн хоёр агентлаг дээр хийж байгаа. Уг ажлын хүрээнд гурван аймаг, нийслэлийн дүүрэг болон сум дээр ажиллаад дууссан. Ажлын байрны зураг авалт, чиг үүргийн шинжилгээ болон эрсдэлийн судалгаануудаас цуглуулсан дата мэдээлэл дээр яг одоо ажиллаад, боломжит хувилбаруудыг гаргаж байна.

 - Дүгнэлт нь?

 - Эцсийн дүгнэлт гараагүй учир хэлэхэд эрт байна. Бидний ажлаас харахад зарим нэг төрийн үйлчилгээг авахын тулд иргэдэд чирэгдэл их учир байгаа нь тодорхой байна. Нэг  жишээ ярьяа . Нурууны ясны сүрьеэ оноштой иргэн, одоо Улаанбаатарт амьдардаг. Тэр харьяа нэг аймгаас очиж тахир дутуугийн тэтгэврээ авахын тулд өөрийн биеэр очих ёстой болдог. Ингээд аймаг руу явдаг, аймгаас дахин  сум руу. Гэтэл эмнэлгийн хяналтын хуралд ирэхэд нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж байгаагүй тул эхлээд  үзүүлэх шаардлага тавьсан учир буцаж  суманд очиж хоноглоод маргааш нь эмнэлэг ороход эмч сургалттай байсан тул үзүүлж чадаагүй буцаж сум руугаа явсан байх жишээтэй. Ингэж явсаар амралтын өдөр таарсан тул сумандаа 2 хоноод дараачийн даваа гарагт аймгийн нэгдсэн эмнэлэгтэй үзүүлсэн. Тэгээд хуралдаа орох гэтэл эмнэлэг хяналтын хурал тухайн долоо хоногт болохгүй хэмээн хойшилсон. Мэдээж эцэстээ зорилго биелсэн ч гэлээ нийтдээ 14 хоногийн хугацааг зарцуулсан байна. Хаана ч ингэж чирэгдэл учруулж болохгүй. Тэгэхээр энэ мэт хэт олон дамжлагатай, чирэгдэл учруулсан, дутуу төлөвлөлттэй зүйлсийг өөрчилж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан хүргэх шинэчлэл хийнэ. Бидний процессын дахин инженерчлэл гээд байгаа зүйл бол эхний ээлжид энэ хоёр байгууллага дээрх үйлчилгээнд хийж шинэчилнэ. Эндээс суралцсан, мөн тогтоож илрүүлсэн үндэслэл нотолгоонд суурилж байж 2024 оноос бусад төрийн үйлчилгээ рүү нэвтрэх болно.

 Бидэнтэй ярилцсан танд баярлалаа, амжилт хүсье.