Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас тодруулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР: 

- Улаанбаатар хотыг системтэй, бодлоготой хөгжүүлэхийн тулд өнгөрсөн 3 жилийн хугацаанд хууль эрх зүйг нь шинэчилж, бодлогын судалгааны институт байгуулсан. Цаашдаа хотын хөгжилд тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзалт хийлээ. УИХ дээр анх удаа Хотын хөгжлийг дэмжих түр хороог байгуулсан.

- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн үр дүнд төсөв санхүүгийн асуудал дээр тодорхой хэмжээнд ойлголцож, Улаанбаатар хотод зарим төсвийг хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх шийдвэрийг гаргасан. Одоо бонд, үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Бонд бол тогтсон хүүгээр гардаггүй. Бодлогын хүү буурахад бондын хүү дагаад буурдаг уян хатан зохицуулалттай учир зөв санхүүгийн арга механизм.

- Нийтийн тээврийн хувьд 1200 автобусны парк шинэчлэлтийг энэ онд багтаад дуусгана. Холбоос зам болон тойрог зам, томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байна.

- Албадан нураах захирамж гаргасан барилгуудын асуудлыг энэ долоо хоногт хэрэгжилтийг нь хангуулахаар Ажлын хэсэг гарсан. Хуулийн хүрээнд зарласан бол буулгаж л таарна. Болохгүй, бүтэхгүй гэсэн зүйл огт байхгүй. Нөхөн төлбөрийн асуудал хуулийн хүрээнд яригдана. Хариуцлагын асуудал шат шатандаа яригдана. Байгалийн гамшигт нөхцөл байдал үүссэн, далан байгууламжийг зөрчиж барьсан, усны тухай хуулийг зөрчиж барьсан ямар ч барилга байгууламжтай хайр, найргүй тэмцэнэ. Би хотын иргэдийн амь насыг хамгаалах үүрэгтэй хүн.

- Аз жаргалтай Улаанбаатар мөрийн хөтөлбөр минийх биш. Ц.Сандуй болон С.Батболдын үед хэрэгжүүлсэн хөтөлбөр. Миний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр 2020 оноос эхэлсэн. Өөрийнхөө дэвшүүлсэн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд УИХ дээр 25 гишүүнтэй түр хороо байгуулж, төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, автобусны парк шинэчлэлтийг хийсэн. Мөн бонд гаргаж, Эрдэнэс баянбогд төслийг эхлүүлнэ. Хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ санхүүжилтээр хийнэ. Улаанбаатар хотын иргэд байгалийнхаа баялгийг тэнцвэртэй байдлаар хүртэх эрхтэй. Энэ төслийг Улаанбаатар хотын ирээдүйн төлөө дэмжих ёстой. Энэ төсөл хувь хүн Сумъяабазартай ямар ч хамаагүй.

- Их дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос гаргаж, дэд төвүүдэд төвлөрүүлнэ. Ингэснээр дүүрэг орон нутгийн татварын бааз суурь нэмэгдэж, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах, хотын соёлыг гэр хороолол руу түгээхэд ихээхэн дэмжлэгтэй бүтээн байгуулалтын ажил болно. Шийдэл, гарцтай асуудал.

- 177 тэрбумаар нүүрс авах асуудал дээр шийдвэр гараагүй, санхүүжилт нь ч босоогүй байна. Эцсийн дүндээ миний гарын үсгээр шийдвэрлэгдэнэ. Түлшний хувьд нэг шат ахисан уу ахисан. Одоо үүний дараа хагас кокс, түүний дараа хийн түлш. Энэ бүгдийг дагаад хөрөнгө оруулалт яригдана. Хэрэв хагас коксожсон нүүрс гаргана гэвэл давирхайгаа яах вэ, түүнийг дагасан таван төрлийн химийн элементүүдээ яаж боловсруулах вэ. Химийн үйлдвэрийг цогцоор барьж гэмээнэ энэ асуудлыг шийднэ.

- Хагас коксожсон нүүрс гэхээсээ илүү одоо байгаа түлшнийхээ асаалтын хурдыг нэмэгдүүлэх тал дээр бодлого барих ёстой. Асалтыг нь 35 минут бус 15-20 минут болгочихвол утаа багасна гэсэн мэргэжилтнүүдийн зөвлөгөө бий.

- Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг шийдэхэд асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Далан байгууламж хийхэд эхний ээлжид 872 тэрбум төгрөг шаардлагатай. 2040 хүртэл 4,9 их наяд төгрөг хэрэгтэй.