Одоогоос таван жилийн өмнө 2018 онд ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрч, 11 жилийн хорих ял авсан. Гэвч түүнийг ялын хугацаанаас өмнө суллажээ.  

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр Багануурын хорих ангиас өчигдөр магадлангаар суллагдсан байна.

Түүний эдлэх ёстой ялаас Ерөнхийлөгч Х.Баттулга  1 жил 11 сар 21 хоногийн уучлал үзүүлжээ. Мөн шагналын 9 сар 20 хоног хассанаар үлдсэн 3 жил 1 сар 16 хоногийн эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас өмнө сулласан байна.

Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 2, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх ялтныг эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих журмыг зөвхөн өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулж чадсан бөгөөд шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг нь гүйцэд эдэлсэн ялтанд хэрэглэдэг байна.