Их Түмэн Санаачилга 23 дахь удаагийн сайд нарын түвшний Зөвлөлдөх уулзалт БНХАУ-ын Ляонин мужийн Шеньянг хотноо арванхоёрдугаар сарын 6-7-ны өдөр боллоо. Монгол Улсаас Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж оролцож, Монголын талын байр суурийг илэрхийлэв.

Энэ жилийн Их Түмэн Санаачилга хөтөлбөр “Зүүн-Хойд Азийн Нээлттэй, Харилцан Холбоотой, Шинэлэг Эдийн Засаг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээнд БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ванг Шоувен, БНСУ-ын Эдийн засаг, сангийн дэд сайд Чой Жиёнг, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Владимир Ильичев, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй хүмүүс оролцож, дээд түвшний уулзалтууд хийв.

Тус арга хэмжээний нээлтийн үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Их Түмэн Санаачилгын хөтөлбөр Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтойг дурдаж, эдийн засгийн идэвхтэй харилцаатай БНХАУ, ОХУ болон БНСУ-тай хамтын ажиллагааг тэлэх боломжтой платформ байгааг сайшааж, уулзалтын гол сэдэв болох цахимжуулалт болон цахим эдийн засгийн боломжуудыг дурдаж, хамтран ажиллах боломжтой саналууд хүргүүлэв. Мөн тэрээр Монгол Улсын цахим шилжилтийн онцлох зорилтуудыг танилцуулсан юм.

quote photo

Монгол Улсын хувьд 2022 онд цахим худалдаа 352 сая ам.долларт хүрч, нийт жижиглэн худалдааны салбарын 24 хувийг эзэлсэн бөгөөд 2027 он гэхэд энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж, 600 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Түвдэндорж

Эдийн засаг, хөгжлийн сайд Г.Түвдэндорж илтгэлдээ “Дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох чухал асуудлын нэг бол дижитал шилжилт юм. Хүн төрөлхтний орчин үеийн амьдрал, хөгжлийг дижитал ертөнц, цахим шийдэл, цахим худалдаагүйгээр төсөөлөхийн аргагүй.

Цахим шилжилтийг оновчтой зохион байгуулж чадсан улс орны хөдөлмөрийн бүтээмж цахим эдийн засгийн өсөлтөө хэд дахин нэмэгдүүлж, хурдасгаж чадсаныг олон улсын бодит туршлага, амжилт харуулж байна.

Монгол Улс дижитал шилжилтийг эрчимжүүлж, олон улсын жишигт нийцсэн “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан.

Судалгаанаас харахад 3.4 сая хүн амтай Монгол Улс 2023 онд 4.8 сая гар утас идэвхтэй хэрэглэгчтэй, 3.5 сая хэрэглэгч өдөр бүр өндөр хурдны интернэт, 1.3 сая хүн нийтийн цахим сувгийг тогтмол ашиглаж байгаагаас монголчуудын цахим сүлжээний хөгжлийг харуулж байна.

Далайд гарцгүй, хүн ам сийрэг Монгол Улс эдийн засаг, худалдааг төрөлжүүлэх чухал суваг цахим шилжилт юм. Сүүлийн жилүүдэд манай улс дижитал хөгжлийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, суурин газруудад шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлж, ялангуяа интернэтийн хүртээмжийг сайжруулж байна.

НҮБ-аас гаргасан судалгаагаар 2017-2021 онд Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн цахим худалдаа тав дахин өссөн нь далайд гарцгүй орнуудын дунд хамгийн өндөр, дэлхийн хамгийн өндөр өсөлт юм. 2022 онд Монгол Улсын цахим худалдаа 352 сая ам.долларт хүрч, нийт жижиглэн худалдааны салбарын 24 хувийг эзэлсэн бөгөөд 2027 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 600 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Дижитал шилжилтийг эрчимжүүлэхдээ хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг хялбарчлах, хүнд суртлыг бууруулах, цаг хугацаа хэмнэхэд онцгой анхаарч байна.

Энэ хүрээнд төрийн үйлчилгээний "И-Монголиа" цахим платформыг боловсруулж, төрийн 71 байгууллагын 806 үйлчилгээг цахимжуулсан нь бизнес эрхлэгчдийг дэмжсэн цахим шилжилтийн анхны бодит үр дүн юм.

Мөн “И-бизнес” цахим платформоор дамжуулан төрөөс бизнес эрхлэхэд тавьж буй татвар, бүртгэл, зөвшөөрөл зэрэг олон зүйлийг шат дараатайгаар цахимжуулж, бизнесийн орчныг сайжруулахад эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

Цахим худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэхэд оролцогч талуудын хоорондын итгэлцэл, найдвартай аюулгүй байдал, холбогдох төлбөр тооцоо, орон нутгийн суурь дэд бүтцийг улам боловсронгуй болгох шаардлагатай. Дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Энэхүү хурлаар цахим худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сайн туршлага, бизнесийн санаанууд гарна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолжээ.

carousel pic
carousel pic
carousel pic
carousel pic

Тус хурлаар төлөөлөгчид Их Түмэн Санаачилгын хөтөлбөрийн ирэх жилийн үйл ажиллагааг баталж, Костко группээс шинээр нэвтрүүлж буй Цахим тээврийн мэдүүлгийн талаар танилцуулж, Жинжу Порт ХХК-аас Түмэн голын дагуу нийлүүлэлтийн сүлжээ өргөжүүлж, хөгжүүлэх талаар танилцуулга хийв. 

Барилгын материал, харилцаа холбоо, цахилгаан тоног төхөөрөмж, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл зэрэг стандартуудыг уялдуулан холбогдох бараа, үйлчилгээг бүс нутагт үр ашигтай, хялбар хүргэх шаардлагатай байгаа тул хурлын гишүүд бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл солилцоо чухал болохыг онцгой анхаарч, гаалийн бүрдүүлэлт, худалдааны зардлыг бууруулах замаар бүс нутгийн "зөөлөн холболтыг" сайжруулах шаардлагатай байгааг дурдав.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж "Их Түмэн Санаачилга"-д Монголын цахим шилжилт, боломжуудыг танилцуулав

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж "Их Түмэн Санаачилга"-д Монголын цахим шилжилт, боломжуудыг танилцуулав

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж "Их Түмэн Санаачилга"-д Монголын цахим шилжилт, боломжуудыг танилцуулав

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж "Их Түмэн Санаачилга"-д Монголын цахим шилжилт, боломжуудыг танилцуулав

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж "Их Түмэн Санаачилга"-д Монголын цахим шилжилт, боломжуудыг танилцуулав

Эх сурвалж: https://itoim.mn/