Сүүлийн жилүүдэд Бүгд Найрамдах Солонгос улсыг зорих Монголчуудын тоо өссөөр байгаа. Гэвч БНСУ-ын Элчин сайдын яамтай холбоотой асуудал гомдлууд тасрахгүй байна. Өнгөрсөн  2019 онд гэхэд л 

БНСУ-аас Монгол улсад суугаа консул Монгол эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх мэдээлэл солонгос улсын хэвлэлүүдээр гарч байсан. Тус тэрбээр тухайн монгол ажилтантай тохиролцсон тул цалинг нь тодорхой хувиар хасаад сануулаад өнгөрөөсөн гэх. Түүнчлэн  Элчин сайд нь ажилчидтайгаа зүй бусаар харьцдаг, хууль бусаар виз олгодог брокер болон авлига хээл хахуультай асуудлууд удаа дараа гарсан.  Харамсалтай нь тус улсын Элчин сайдын яам бусармаг үйлдлээ цэг тавьсангүй. Сүүлдээ шударга бусаар виз мэдүүлгийн агентлагыг сонгон шалгаруулсан байж болзошгүй гэх асуудал үүсэж эхэллээ.


Өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "Солонгосын виз мэдүүлгийн агентлагыг сонгон шалгаруулах тухай мэдэгдэл"-ийг яамныхаа цахим хуудаснаа нийтэлж, одоо байгаа виз мэдүүлгийн агентлагийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын сүүлээр дуусгавар болгож, шинэ агентлагыг сонгох ажил эхэлсэн. 

Шалгаруулалт 3 үе шаттай явагдаж, 2-р шатнаас шалгарсан 23 байгууллагаас 10 -ыг нь  тэнцүүлж нөөцийн 5 компанийг шалгаруулсан боловч анхнаасаа шалгаруулалтад оролцоогүй 3 байгууллагыг нэмэлтээр сүүлийн шатанд оруулж ирсэн гэх мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтын 1, 2, 3 дугаар шатанд эцсийн байдлаар шалгарсан байгууллагуудыг сонгон шалгаруулалтын зарчмын дагуу ил тод шударгаар шалгаруулаагүй болохыг ААН-үүд нь мэдэгдэж байна. 

Тухайлбал энэ сарын 11-нд зарласан “2024-2026 онд виз мэдүүлэх байгууллагуудын 3-р шатанд тэнцсэн байгууллагуудад өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл”-д сүүлийн шатанд шалгарсан 10 аж ахуй нэгжээс нэг нь хасагдсаныг дурджээ. Ингэхдээ тухайн компанийг ямар шалтгааны улмаас хасагдсан болохыг дурдаагүй байна. 

Тиймээс виз мэдүүлгийн агентлагийн сонгон шалгаруулалтад оролцсон Солонгос байгууллагууд нэгдэн үүссэн асуудал, ойлгомжгүй байдлын талаар ЭСЯ-наас албан ёсны мэдээлэл өгөхийг хүсэж, Солонгосын Үндэсний ассамблейн Гадаад хэргийн яаманд холбогдох мэдээллийг илгээхийг шаарджээ. 


Ер нь энэ мэтчилэн Монгол Улсын иргэдэд визний үйлчилгээ үзүүлдэг БНСУ-ын Элчин сайдын яам сонгон шалгаруулалтаа шударга бусаар явуулж байгаа нь Монгол Улсын иргэдэд ч хохирол учруулж болзошгүй байна.

Сүүлийн жилүүдэд БНСУ-ын Элчин сайдын яаманд гарч буй ёс зүйгүй үйлдлүүд хэрээс хэтэрч буй. Гэвч Монгол Улсын иргэдэд виз олгож мөнгө олох хэрэгсэл болгосон, виз олголтын хугацаа удаашралтай 2-3 сар хүлээгддэг гэх мэт асуудлуудыг Монгол Улсын төрийн байгууллагууд ч мөн анхааралдаа авах хэрэгтэй байна.