Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.  Сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгосноор бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжих аж. 

Дижитал сурах бичгийг 2 дугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.

Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэх юм.